Dark Light
Нийгэм | 2026-11-26

МОНГОЛЫН СУРГУУЛИУДЫН 98% ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДОЖ, ЦАХИМ СУРГАЛТ ӨРГӨЖЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 98 хувь нь интернэтэд холбогдсон бөгөөд холболтын дундаж хурд 140 Mbps-д хүрээд байна. Мөн сумын төвүүдийн интернэтийн хурдыг 100 Mbps-ээс 1 Gbps, аймгийн төвүүдийнхийг 1 Gbps-ээс 10 Gbps болгон нэмэгдүүлсэн гэсэн мэдээллийг Боловсролын яам өгч байгаа юм.

Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд боловсролын тэгш боломж” арга хэмжээг зохион байгуулсан байна.

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) хэрэгжүүлдэг GIGA санаачилгад 2022 онд нэгдсэн бөгөөд түүнээс хойш ерөнхий боловсролын сургуулиудын интернэтийн хурд, хүртээмжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж иржээ.

Уг арга хэмжээний үеэр Боловсролын яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтийн үйлчилгээгээр хангах чиглэлээр харилцаа холбооны операторуудтай ерөнхий гэрээ байгуулжээ.

Мөн сургуулийн барилга байгууламж, сургалтын орчныг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх зорилгоор “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” санаачилгыг эхлүүлсэн байна. Энэхүү санаачилгын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд сургуулийн дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлт, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Үүнээс гадна цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулах зорилгоор “Medle” цахим контентын санг шинэчилж, шинэ “Medle 2.0” платформыг албан ёсоор нээлээ. Уг санд одоо 20,000 гаруй боловсролын нөөц материал багтсан бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг хайлт, дуут хайлт болон цахим сургалтын платформуудтай уялдан ажиллах боломжуудыг нэвтрүүлсэн байна.

Хөдөө орон нутгийн сурагчдад сонгон судлах хичээлүүдийг цахимаар судлах боломж олгосон туршилтын хөтөлбөрт тулгуурлан төрийн өмчит “Medle” цахим сургуулийг мөн байгуулжээ. Энэ нь сурагчдад оршин суугаа газар, амьдралын нөхцөлөөс үл хамааран бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших боломжийг олгох юм. Мөн хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдэд эх хэл, үндэсний монгол бичиг, түүх, соёлыг багтаасан нэгдсэн хөтөлбөрөөр суралцах боломжийг бүрдүүлжээ.

Боловсролын яамны мэдээлснээр сургуулиудын интернэтийн дэд бүтцийг сайжруулах, цахим сургалтын агуулгыг өргөжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх эдгээр ажил нь боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгах, хүүхэд бүрд амьдарч буй газар нутаг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох зорилготой аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08