Эрх чөлөөт оронд онц байдлаа цуцал гэж тэмцдэг бол Монголд онц байдал зарла гэж цуглалаа. Бусад оронд ажлаа өг гэж тэмцдэг бол Монголд ажлаа хийх хугацаа олгоё гэж “Лантуун дохио”-н Ч.Ганжавхлан нар амьсгалмаар байна гэж шаардах нь зүй ёсны эрх боловч Онц байдал зарласнаар их угаар арилж ид шидийн орон босохгүй. Онц байдал зарлах нь муужруулдаг түлшийг сайжруулж, яндан зуухыг лантуудаж, хүхрийн хүчил, азотын давхар ислийн оронд хүчилтөрөгч түгээж, ид шид бүтээхгүй юм. Онц байдал зарлах нь эгэл олон иргэд гэр гэртээ хөл бас хэл хоригдож, ажил амьдрал нь гацаж, ашиг орлого нь зогсож, тусгай үнэмлэхтэй түшмэлүүд дархан эрх эдэлж, төсөв хөрөнгийг хараа хяналтгүй зарцуулах далим шалтаг болдог юм.
Онц байдлын төлөөх жагсаал цуглааны цаана улс төрийн далд зорилго, хиншүү хярвас ханхалж байна гэж олон хүн үзсэнд Ч.Ганжавхлан бачимдан уурлаж, сошиалд агсамнаж хонолоо. Ацнууд, угаартаад сууж бай, хохь нь ээ, п...нар, дух Цэцэгийн ганцхан лайванд улсаараа итгэсэн гэх зэргээр бүх нийтийг орос монголоор харааж зүхэж, тавлаж доромжилж, тараа таниулж хонолоо.
Утааны эсрэг цуглаан 3 хоноод тарсан ч утааны сонсгол хийхийг 71 мянган хүн дэмжлээ. Утааны сонсголоор утаатай хийсэн дайнд Монгол ялагдсаар ирсний учир шалтгааныг олж чадах уу? Жишээ нь, түлшний барьцалдуулагчийг яагаад улсын нууцад оруулсан бэ? Уугьж байгаад ам бүлээр нь хордуулдаг барьцалдуулагч хэний бизнес, ямар хор урхагтай вэ? гэх мэт олон ноцтой асуулт хариултаа нэхэж байна.