Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа ЦДБЭЧ-ын түүхт 92 жилийн ой тохиож байна.
“Цэргийн театр хөгжмийн уран сайхны бүлгэм” нь Цэргийн төв клубийн нээлтэд зориулан Улаанбаатар хотын нэгдүгээр дивиз, Цэргийн ерөнхий сургуулийн сайн дурын уран сайханчидтай хамтран дуу хөгжмийн цуваа номерын тоглолт бэлтгэж, 1932 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Цэргийн доторх намын байгууллагуудын анхдугаар зөвлөгөөний хуралд зориулан анхныхаа тоглолтыг хийж байжээ.
1945 оны Чөлөөлөх дайнд хошууч М.Хундагаагаар удирдуулсан Цэргийн ансамбль 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр байлдааны даалгавар авч, 2000 гаруй км бартаат замыг туулан, Их Хянганыг давж, Тэнгэр элсийг гатлан, Зүүн хойд Хятадын Долнуур хотод хүрч, ах дүү армийн дайчдын ялалтын урианд ая дуугаараа уухайн түрлэг өргөн, 22 удаа концерт тоглон үзүүлж, ухуулга сурталчилгааны асар ажиллуулан байлдааны үүрэг даалгавраа золбоо хийморьтой биелүүлж ирсэн бахархалт түүхтэй.