“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид баасан гарагт цахим уулзалт хийх үеэрээ Украины дайн үргэлжилж буй энэ үед Орос, Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн эсрэг үргэлжлүүлэн хариу арга хэмжээ авахаар тохиролцжээ.
Цахим дээд хэмжээний уулзалтын үеэр мөн Сирид Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрыг босогчид түлхэн унагасны дараа засгийн эрхийг “тайвнаар, тогтсон дэг журмын дагуу” шилжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн гэж энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Италийн Засгийн газар мэдэгдсэн байна.
Украин дахь Оросын цэргийн ажиллагаа үргэлжилж, Сирид босогчид нийслэл Дамаск хотыг эзлэн аваад байгаа энэ үед Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Европын Холбооны удирдагчид энэхүү цахим дээд хэмжээний уулзалтыг хийжээ.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Оросын түрэмгийллийг дахин буруушааж, эрх чөлөө, бүрэн эрх, тусгаар тогтнолынхоо төлөө хийж буй Украины ард түмний тэмцлийг дэмжинэ гэдгээ дахин нотоллоо” гэж Италийн Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
Удирдагчид мөн “Москвагийн ажиллагааг дэмжиж буй талуудын эсрэг үргэлжлүүлэн арга хэмжээ авахаа илэрхийлсэн” нь Пёньяны талаар дурдсан бололтой байна.
Украины дайнд Умард Солонгосын цэргийг илгээсэн нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн санаа зовниж байгаагаа Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба илэрхийлснийг Японы Засгийн газар уламжилжээ.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид энэ долоо хоногийн эхээр мэдэгдэл хийж, дайны хөлд нэрвэгдсэн Сирид “найдвартай, хүртээмжтэй, шашны бус засаглал”-ыг тогтоох үйл явцыг дэмжихээ амласны дараа цахим дээд хэмжээний уулзалт боллоо.