Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн анхдугаар ээлжит хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагт Төрийн ордны Морин хуур танхимд 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1. МШХ-ны бүтэц, зохион байгуулалт
- МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар МШХ-ны орон тооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Наранбаатарыг томилсонтой холбоотойгоор Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар батламжлав.
- МШХ-ны эд хөрөнгө, данс тооцоо, гадаад дотоод харилцааны холбогдох материал, албан бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэж, акт үйлдэн удирдлагын ажлыг хүлээлцэн авах ажлын хэсгийг байгуулж тус ажлын хэсэгт үүрэг болгов.
- Таван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд МШХ-ны ерөнхийлөгчийн дэргэд Ахмадын, Орон нутгийн, Нийтийн шатар, бодлого зохиомжийн, Хяналт, үнэлгээ гүйцэтгэлтийн гэсэн 4 зөвлөлийг шинээр байгуулж ахлагч нарыг сонгов.
2. МШХ-ны 2025 онд зохион байгуулагдах тэмцээн уралдааны календарчилсан төлөвлөгөө
ФИДЕ албан ёсны тэмцээн уралдааны календарьтай уялдуулан МШХ-ны 2025 онд зохион байгуулагдах тэмцээн уралдааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөг гаргах ажлын хэсгийг байгуулав. Мөн МШХ-ны 2025 онд зохион байгуулагдах албан ёсны тэмцээн уралдааны календарчилсан төлөвлөгөөний дагуу нэмэлтээр нэрэмжит болон бусад тэмцээн уралдааны саналыг нээлттэй авч календарьт тусгах юм.
3. МШХ-ны 2024-2025 оны шинэ жилийн баярын үйл ажиллагаа
МШХ-ны 2024-2025 оны шинэ жилийн баярын үйл ажиллагааг Их тэнгэр цогцолборт зохион байгуулахтай холбогдуулан зохион байгуулах болон шилдгүүдийг тодруулах гэсэн 2 чиглэлээр нэр бүхий УЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсгийг байгуулав.
4. МШХ-ны санхүүжилт
МШХ-ны санхүүжилтийн журмыг шинээр яаралтай боловсруулах ажлын хэсгийг байгуулж УЗ-ийн гишүүд улирал тутамд 1 сая төгрөгийн хураамж төлдөг байхаар батлав.
5. МШХ-ны гишүүнчлэл
МШХ-ны гишүүнчлэлийн журмыг гишүүдэд үр өгөөжтэй байхаар боловсруулах ажлын хэсгийг байгуулав.