Сар шинийн баярыг угтан УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгчид иргэд, сонгогчдод тавгийн идээ, ул боов, торго дурдан, халуун сав зэрэг элдэв бэлэг сэлтийг тараадаг. Өнгөрсөн парламентад зарим гишүүд дугтуйнд бэлэн мөнгө хийн тарааж байсан тохиолдол гарч байв. Сонгогчдын хувьд ч мөн авах хүлээлт үүсдэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг баяр тохиолдуулж бэлэг тараахгүй байхыг цахим хуудсаараа дамжуулан уриаллаа.
Тэрээр:
“126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно” гэсэн зорилгыг УИХ-ын гишүүд дэвшүүлсэн.
Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. УИХ-ын тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-н гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-н төлөөлөгчдөө бас уриалмаар байна” гэв.
АДМИН








Нийгэм









