Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэр, баталсан тогтоолуудыг танилцууллаа. Энэ үеэр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Нийслэлд жилдээ 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг 173 уурын зуух 2263 аж ахуй нэгжүүдийг 9-р сарын нэгнээс нүүрсээр галлахыг зогсоох албан бичиг хүргүүлсэн" гэлээ.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2025-2026 онд 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Монгол улсад одоогийн хийн түлшний хэрэглээ 46 мянган тонн байгаа. 32-оос 50 мянган айл өрх хийн түлшний хэрэглээнд шилжихэд хамгийн багадаа 100 мянган тонны хэрэглээ болж нэмэгдэнэ. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар "Энэ чиглэлээр хийн бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй нэг бүрчлэн уулзалт хийн хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулж байна" гэлээ.