Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай ярилцах үеэр дараагийн монгол хүн хэзээ сансарт нисэх талаар тодруулсан юм.
Сансрыг орхиж болохгүй. Сансрын асуудлаар монголчууд ямар нэгэн хэмжээгээр үргэлж оролдож, хичээллэж явж байна. Сансаргүйгээр өнөөдрийн бидний амьдралыг, сансрын тоног төхөөрөмжгүйгээр, багаж хэрэгсэлгүйгээр, хиймэл дагуулгүйгээр төсөөлөхөд бэрх болсон үед бид амьдарч байна. Үүнээс монголчууд хоцорч болохгүй. Болж өгвөл өөрсдийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Ер нь сансрыг хэрэглэнэ, ашиглана гэдэг зөвхөн сансарт хүн нисгэх асуудал ч биш. Янз бүрийн сансрын багаж, тоног төхөөрөмж, хиймэл дагуулын тусламжтай дэлхий, байгаль орчноо судлах боломжууд зөндөө байна. Сансарт өөрийн холбооны хиймэл дагуулаа гаргаж чадвал Монгол Улсынхаа холбооны хэрэгцээ шаардлагыг хангах том боломж бүрдэх учиртай. Тийм учраас төр засгаас ч, шинжлэх ухааны байгууллагаас ч энэ тал дээр үргэлж анхаарч, бодлого чиглэлээ хандуул ирсэн байдаг. 2021 онд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч шийдвэр гаргаж манай хүрээлэнгийн Астропарк салбарыг Сансрын судлагааны төв болгож зарласан. Үндсэндээ энэ чиглэлээр бид гурав дахь жилдээ ажиллаж байна. Сансрын аппарат хэрэгсэл зохион бүтээж сансарт хөөргөх үйл ажиллагаа явуулах энэ ажиллагаанд суралцаж байгаа олон залуу эрдэмтэд бий. Тэдний цөөнгүй хэсэг нь бидэнтэй хамт ажиллаж байна. их сургуульдаа багшилхаас гадна манай хүрээлэнд эрдпэм шинжилгээний ажил хийж, энэ бодол санаагаа үргэлжлүүлж байгаа.
Мөн төр засгийн зүгээс дараагийн сансарт нисэх хүнийг бэлтгэж, нисгэх бодлогыг баримталж анхныхаа яриа хэлэлцүүлгийг эхэлсэн байгаа. Тиймээс сансрын талаарх бодлого бол үргэлж төр засгийн анхааралд байж, төр засгийн зүгээс, эрдэм шинжилгээний байгууллагуудын зүгээс анхаарал, санаагаа үргэлж тавьж байгаа зүйл гэж хэлж болох юм.
Хиймэл дагуулыг бид 2017 онд анх сансарт хөөргөсөн. Дараагийнхаа хиймэл дагуулыг үндсэндээ хийгээд бэлэн болгож байгаа. “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуул монгол хүний гар, оюун ухаанаар бүтсэн. Энэ хиймэл дагуул хэзээ нэгэн цагт сансарт хөөрнө.