Dark Light
Нийгэм | 2025-03-25

Ж.ЧИНБҮРЭН: БАТЧУЛУУН ЭМЧ ХОРИХОД БАЙХДАА СҮРЬЕЭ АВСАН ГЭЖ СОНСЛОО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
-Эмч нар ажлаа хийж явахдаа хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ нь нэлээд тохиолдол бий гэсэн зүйл салбарын сайд ярьсан. Үүнийг багасгах боломж бий болов уу? 
-Эмч хүний хувьд ч, хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд ч хэтэрхий нэг талаа барьсан шийдвэр гаргаад байгаа. Тухайлбал, Донорын тухай хуульд заалт байгаа шүү дээ. Хэрвээ эрүүгийн шинж чанартай байх юм бол Эрүүгийн хуулиар явна. Эрүүгийн шинж чанаргүй бол Зөрчлийн хуулиар явчих боломжтой. Тухайлбал, хүний эрхтэн худалдсан уу, хулгай хийсэн үү, эсвэл процедурын алдаа буюу чагт алдаад бичсэн асуудалд хэлсэн хэр нь чагтыг тэмдэглээгүй юм уу гэдэг нь шал өөр асуудал. Хэт  их нийгмийг талцуулж, хэт их нийгмийн эмзэг сэдвийг хөндөх зөв үү. Энэ бол үнэхээр эмзэг сэдэв. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн амийг авардаг байсан амьгүй донорын тусламж үйлчилгээ зогсоод байна шүү дээ. Бүтэн жил өнгөрлөө. Бид нэг ч амьгүй донороос эрхтэн шилжүүлж, олон амийг аврах боломж хаагдчихсан. Ийм эмзэг сэдвээр ингэж тоглож болохгүй. Дээр нь хууль нь ч гэсэн айхавтар нарийн чамбай байдаг. Дээрээс нь Донорын тухай хууль, миний өргөн бариад буй Эд, эс эрхтэн шилжүүлэх тухай хууль, цусны донорын тухай гээд хоёр хуулийг өнгөрсөн парламентын үед өргөн бариад хэлэлцэж амжаагүй. Дахин өргөн барих хэмжээнд хүрсэн. Үүн дээр хамгаалалт, хууль эрх зүйн орчин дутсан гэдгийг би олж харахгүй байгаа. Хэт нэг талыг барьж байгаа явдал нь бүхэл бүтэн нэг салбарыг, хүнийг аврах эрсдэлтэй үйл ажиллагаа эмч нар хүртэл айж ажлаа хийж чадахгүйд хүрч байна. Хүн аврахад зориг хэрэгтэй байна шүү дээ. Эмчилгээ гэдэг чинь бүгд эрсдэлтэй шүү дээ. Бид бурхан биш. Бидний хийсэн хагалгаа болгон амжилттай болдоггүй. Одоо тэгээд хүндэрсэн гээд эмч болгоноо шорон гянданд хориод байх юм уу. Тэгвэл энд чинь ажиллах хүн байх юм уу. Хар л даа. Ганцхан энэ сэдвээс болоод. Нөгөө талаас бас нэг сөрөг тал нь юу гээч. Гадаад руу эмчлүүлэхээр явах урсгалыг нэмэгдүүлж байна. Ерөөсөө л дотоодын зах зээлийг нураах, эвдэх, бидний хийж бүтээж байгаа зүйлийг боломжгүй болгоё гэсэн том зорилго агуулж байгаа юм биш биз. Үүний цаана асар том бодлого байгаа шүү. 
-П.Батчулуун эмчтэй та хэзээ уулзсан бэ. Биеийн байдал нь ямар байгаа бол?
-Би 461 дүгээр ангид байхад нь очиж уулзсан. Сая АНУ руу томилолтоор явахын өмнө Гуравдугаар эмнэлэг дээр зүрхний стэнд тавиулсан шүү дээ. Инфакт болох гэж байсан. Түүнээс нь чадах чинээгээрээ аварсан гэж дотроо баярладаг. Тэр эмчилгээг хийсэн Лхагвасүрэн эмчдээ баярлалаа. Хүний эрхийн дэд хороон дарга бид хэд цугтаа очиж эргэсэн. Буцаад тэр хорих ангид байхдаа сүрьеэ авсан гэж сонслоо. Ийм л байж байна шүү дээ бид. Үнэхээр харамсмаар. Эрүүл мэндийн тусламж гэдэг чинь өөрөө маш эмзэг. Энэ дуртай хүн болгоны яриад хэлээд, шүүмжлээд хаячихдаг зүйл биш. Үүний ард бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж байдаг. Ганцхан хүний асуудал биш шүү дээ. Бүхэл бүтэн тогтолцоог дөнгөж босгож ядаад, монголдоо эмчилж чаддаг болоод, хэд хэдэн хүмүүсээ эмчлээд, хоёрхон эмнэлэг байсан бол өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгаад эхэлчихлээ. Цэргийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгаад эхэлчихлээ. Дөрвийн дөрвөн эмнэлэг хийдэг болоод хөгжих гэж байхад нь хөлөөс нь татаад барьчихлаа. Би бол эмч хүний хувьд үнэхээр харамсаж байна. Энэ нийгмийг талцуулах сэдэв биш байхгүй юу. Тэгтэл талийгаачийн ээжийг гурван нялх хүүхэдтэй нь суулгаад улс төр хийлгээд л. Ямар муухай байна вэ. Үүний цаана хэн байгаа вэ? Ерөөсөө ойлгохгүй байна. үүнийг та бүхнийг мэдээсэй гэж бодож байна.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00