Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайжруулах, гамшгийн үеийн бодлого, төлөвлөлтөө нарийвчлан гаргахтай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж дараах чиглэлээр үүрэг өглөө.
ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ, БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, бодлого стратегийн төлөвлөлтийг сайжруулах, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, (UNDRR, FAO, UNEP-удирдамж) Аймаг бүр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлэлт дүгнэлтээ шинэчлэн гаргах, бүсчилсэн менежмент боловсруулах, Цаг уурын эрсдэлийн судалгааг нарийвчлан гаргаж, гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах;
ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:
- Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдалд дрон, хиймэл дагуулын тандалтыг өргөжүүлэх, мэдрэгч бүхий түймэр илрүүлэх системийг нэн яаралтай нэвтрүүлэх, Гал, түймэр унтраахад шаардлагатай шинэ техник тоног төхөөрөмж, ус шүршигч дрон, нисдэг тэрэгний тоог нэмэгдүүлэх;
САНХҮҮЖИЛТ, НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭНД:
- Аймаг орон нутгийн удирдлагууд гамшигтай тэмцэх төсвөө нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Гал унтраах техник, хэрэгслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:
- Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоож, ой, хээрийн түймэр гаргасан этгээдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох арга хэмжээг холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэх, Хүний болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй түймрийн нөхөн төлбөрийн механизмыг боловсронгуй болгох;
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД:
- Ерөнхий боловсролын сургуулиудад ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулах, Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд тогтмол хүргэж, кампанит ажил өргөжүүлэх ингэхдээ иргэдийн гар утасны апп, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, Гал түймэр унтраах сайн дурын бүлгүүдийг байгуулах, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулах,
БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
- ОБЕГ, ЦЕГ, БОУАӨЯ, БХЯ, ХХЕГ-уудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Ой, хээрийн гал түймрийн үед ажиллах нэгдсэн командын төвийг байгуулах, Аймаг, сум бүр гал түймэр унтраах дадлага, сургуулилтыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулахыг үүрэг болголоо.
Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд бодлого, технологи, санхүүжилт, хууль эрх зүйн орчин, иргэдийн оролцоо, төр хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэсэн нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.