Dark Light
Нийгэм | 2025-03-26

Т.ОТГОНТӨМӨР: БАТЧУЛУУНЫ ТӨРСӨН ЭГЧ 7 ЖИЛ БӨӨР ОРЛУУЛАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙГАА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
П.Батчулуун эмчийн арван жилийн ангийн найз Т.Отгонтөмөртэй ярилцлаа. 
-П.Батчулуун эмч та хоёр багын найзууд гэсэн. Хэзээнээс найзалж эхэлсэн юм бэ? 
-Дөрөвдүгээр ангид орох жил хамгийн анх есдүгээр сарын 1-нд орос хэлний хичээл орох гээд бүх хүүхдүүд ангидаа ороод суучихсан байсан. Тэгээд багш орж иртэл хүүхдүүд боссон. "Здрасте садись" гэж хэлсэн юм байна лээ. Одоо бодоход. Бид мэдэхгүй бүгд ангайгаад зогсож байтал ардаас нэг өндөр банди “Сууцгаа гэж байна” гэхэд нь ангиараа эргэж харсан юм. Тэгсэн биднээс бүгдээс нь өндөр толгойгоо боосон хүү зогсож байсан. Бид анх Батчулуунтайгаа танилцаж байгаа нь тэр. Яг манай сургуулийн хажуугийн 30 дугаар байрны эрмэг бидон унахдаа Батчулууны толгой дээр унаад, Баачка маш хүнд тархины гэмтэл авч бэртээд, Хайрулла эмч аварсан шүү дээ. Арван хэдэн удаа тархины хагалгаанд орсон. Сүүлийн нэг жил нь орос руу явж тархиндаа дөрвөн удаа хагалгаа хийлгээд, монголдоо ирсэн хүн л дээ. Тэгж л дахин төрсөн гэж хэлж болно манай Батчулуун. Буцаж ирээд манай ангид орж, анхны хичээлдээ сууж байгаа нь тэр. Тэгээд л би эмч болно. Хүмүүсийг амьдруулдаг сайн хүн болмоор байна гэж ярьдаг болсон. Ер нь хүн өөрөө ямар байдалд орно тэр хэмжээндээ л хүнийг ойлгодог юм байна лээ. Тэгтэл түүнийг дөнгөж 12-хон насандаа ойлгочихсон л хүн дээ. Тэр цагаас нь би Баачкагаа мэднэ. 
-Багадаа Батчулуун эмч ямар хүүхэд байв? 
-Бүх зүйл нь эмч болохын төлөө байсан. Багшид их зөв л хүүхэд харагдсан юм шиг байна лээ. Манай ангийн дарга болгосон юм. Тэгээд ер нь арав төгсөн төгстлөө ангийн дарга байсан. Баачка маань биднээс гурван насаар ах. Ах гэдэг утгаараа бидэнд таниулж болох бүх зүйлийг танилцуулж өгсөн. Гэхдээ дандаа зөв талаар. Бүх л зүйлд. Спорт бол спорт. Урлаг бол урлаг. Бүх зүйлээрээ биднийг манлайлдаг. Тийм чадварлаг хүүхэд байсан даа. Би одоо боддог юм. Баачка байсан болохоор ийм коллективтой, сайхан анги болсон гэж бодож явдаг юм. 
-Ангиараа хэр их уулздаг вэ? 
-Одоо манайхан ганцхан ангиараа ч биш дөрвөн арваараа, төгсөлтөөрөө байнга уулздаг. Манай төгсөлт 30 жилийн ойгоороо уулзахад анги болгон буухиагаа аваад, 2-3 жил болоод нэг уулздаг. Өнгөрсөн жилийн зун 40 жилийн ойгоо төгсөлтийн дөрвөн ангиараа хийсэн. Энэ ташрамд хэлэхэд, дөрвөн арав нийлсэн уулзалтад Баачка босоод үг хэлэх болоход баяр хүргэе гэхээсээ илүү дөрвөн арав уулзаж байгаа гэдэг утгаараа та бүхэн нэг зүйлийг ойлгох ёстой. Бид нэг нэгнээ маш томоор дэмжиж явах ёстой. Ямар зүйл хийж байна. Түүнээс нь нэгнээ дэмжиж худалдаж авах, нэг нэгэндээ тусалж байх ёстой. Эмнэлгийн талын ямар ч асуудал хэн нэгэнд нь гарлаа гэхэд хэн нь ч байсан надад хандаж болно шүү. Би өөрийнхөө чадах мэдэхээрээ туслах болно гээд л хэлж байсан. Өөрөө нийгмийн хүн байхгүй юу. Тэнд Баачка маань 30 минут үг хэлэхэд бид төгсөлтөөрөө нэг зүйлийг ойлгож авсан. Үүдэл эс гэж юу юм бэ. Энэ үүдэл эс хүний амьдралд ямар ач холбогдолтой юм гэдгийг бидэнд тайлбарлаж өгсөн. Бид эмнэлгийн ямар ч ойлголтгүй. Ирээдүйд монгол хүн цаг бусаар нас барахгүй юм байна шүү дээ гэж бид хоорондоо ярьж байгаа юм. Тийм л хэмжээнд юмыг ойлгуулж ярьж өгдөг хүн дээ. Өөрийнхөө мэргэжлээр өвчилж явдаг. Хаана ч явсан, хэнд ч гэсэн түүнийгээ хүргэж явдаг хүн. 
-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? 
-Шинэ жилээр бас төгсөлтөөрөө уулзсан. Нэг онигоо байдаг шүү дээ. Онигоо ч юу байх вэ. Болсон л явдал. Захиргаадалтын үед Ж.Гүррагчаа гуай сансарт ниссэн шүү дээ. Сансарт ниссэн тэр өдөр монголчууд бүгд түүгээр өвчилсөн байхгүй юу. Үүр цайтал сансрын тухай кино гаргаж байснаа монгол хүн сансарт нисэж байна гээд л шууд нэвтрүүлэг явсан. Тэр дундуур Гүррагчаа баатрын ангийнхных нь бэлдсэн ярилцлага гарсан юм. Тэр ярилцлагад ангийнх нь нэг хүүхэд манай ангиас хэн сансарт нисэх бол гэж асуугаад бид бүгдээрээ л Гүррагчааг ниснэ гэж хэлсэн гээд кино шиг юм яриад. Бид үзчихээд бөөнөөрөө инээлдээд, үхтлээ хөхрөлдөж байсан юм. Одоо яг түүн шиг л юм болох байх л даа. Бидний сүүлийн уулзалт шинэ жилээр ч Баачка маань эрхтэн шилжүүлэх ямар чухал вэ, салбарт маань ямар хэрэгтэй вэ, яавал үүнийг хүмүүст хүргэх вэ гээд л ярина. Бид ч яах вэ өөрөө яриад байхаар асууна биз дээ. Наадхыг чинь төр засгаас анхаараад ард түмэнд сурталчлаад, мэдээ мэдээллээ түгээдэггүй юм уу гээд л асууна шүү дээ. Үгүй, тэгж болдоггүй юм. Хэрэв тэгвэл эрхтний наймаа болно. Урьдчилж хүмүүст сурталчилна гэсэн ойлголт байж болохгүй. Хуультай болчихвол харин боломжтой гээд л ярьж байсан. Өнөөдөр би нэг талаараа бас баярлаад байна. Энэ эмзэг сэдвийг нийгэмд хүргэчихлээ шүү дээ. Нийгэм хоёр хуваагдаад хэрэлдэж байна шүү дээ. Нэг хэсэг нь эрхтний наймаа хийлээ гээд л. Нөгөө хэсэг нь тэгж авахгүй бол болдоггүй юм гээд л. Энэ сэдэв ингэж өндрөө авсанд би хувьдаа баярлаад байгаа. Хүмүүс одоо ойлгож эхэлж байна шүү дээ. Донор болохын ач холбогдол нь юу юм бэ гээд л. Ер нь тэгээд хамгийн дээд буян л юм даа. 
-Гэр бүлийнхэнтэй нь холбоотой байгаа юу?
-Яг энэ байдлаас болоод байнга л утсаар ярьж холбогдож л байна л даа. Юу болж байна, яаж байна. Би юугаар туслах вэ гээд ярина. Бүгд үнэхээр хэцүү байна л гэнэ. Осолдохгүй л биднийг таньдаг, утасны дугаар мэддэг болохоор авч байна. Маш их хүн залгаж байна гэсэн. Хүн болгон л өөрөө өөрийнхөө хэмжээнд тус болох гээд залгаад л байна л даа. Баачкаг шүүх хуралд насильктай ирсэн гэдгийг бид сонсоод хэцүү байхад эхнэр, хүүхдүүдэд нь ямар байх нь ойлгомжтой биз дээ. Ер нь эхнэр хүүхдүүдээ хаяад л ажлаа хийдэг байсан. Ажлынхаа төлөө нойр хоолгүй явна. 
-Та хоёрт мартагдашгүй олон сайхан дурсамж байдаг байх даа? 
-40 жилийн уулзалтад индэр дээр суучхаад донжгоноод байхаар нь би хэлсэн юм. Тэр үед хэлж байсан зүйлээ одоо бодоход яах гэж хэлэв дээ гэж харамсдаг. Тэгээд л нэг их тайз руу гарч суудаг юм. Плетканыхаа тэжээлийн утсыг авч чадахгүй байж гээд би хэлж байсан юм. Одоо бодоход би яах гэж тэгж хэлэв дээ гэж их харамсдаг. Тэр яасан гэхээр нэг өдөр Оогий манай плетка болдоггүй ээ. Чи ирээд үзээд өгөөч гээд ярьж байна. Би барилгын талын хүн л дээ. Яваад очсон ханан дотуур явдаг кабель нь тасарчихсан байсан. Тэгээд бид хоёр барилгын дэлгүүр явж байгаа юм. Би хэмжиж үзээд, хоёулаа шитнээс чинь шууд плетка руу чинь утас татъя. Яг баараггүй хэмжээрэй гээд би ч яг 9 м утас орох юм байна гээд барилгын дэлгүүрт орсон юм. Дэлгүүрт ороод утас метр нь хэд вэ гэтэл 6200 төгрөг гэж байна. Тэгсэн манай хүн Оогий ядаж 2 м богинохон байвал болохгүй юу гэж байна. Тэрийг нь би ойлгож байгаа юм чинь. Цалингаа буухаар авъя гэж байна. Сонин хүн шүү дээ. Үнэн бадрангуй. Оймс нь цоорхой байсан ч Ролс ройс ярихаар хүн шүү дээ. Уг хүн нь. Бид хоёр кабель утсаа авсан ч одоо хүртэл плетка янзалж чадаагүй. Найзыгаа гарч ирэхээр нь хийнэ гээд хүлээгээд л сууж байна. Тийм хэмжээнд хүртлээ явж явчхаад өнөөдөр эрхтний наймаа хийсэн гэхээр би үнэндээ гайхаад байгаа. Тэр хүнийг хүмүүс мэдэхгүй л байна л даа. 
-Таны ярианаас П.Батчулуун эмч үнэхээр л ажлынхаа төлөө чин сэтгэлтэй хүн юм гэж ойлгогдлоо? 
-Ажлынхаа тухай ярихаар нүд нь гэрэлтээд л, ажлаа хүмүүст хүргэчих гээд л, ажлаа ярихаараа сэтгэл нь хөөрөөд л, түүнийгээ л ярьж явдаг хүн дээ. Багадаа Базараа багшийн шавь. Маш сайн волейболчин байсан. Дүүргийн шигшээд хүртэл волейбол тоглож явсан хүн шүү дээ. Ер нь бол толгой дээр нь яс байхгүй. Байнга малгайтай байдгийн учир ердөө л тэр. Зулай дээр нь үс ургадаггүй, улаан махаараа байдаг юм. Хүүхэд байхдаа байнга тархины хамгаалалттай тусгай малгай өмсдөг байсан. Битүү бинтээр ороогоод явдаг байсан. Том болоод тэр хамгаалалтдаа толгой нь багтахаа болиод малгай өмсдөг болсон. Толгой дээр нь дараад үзвэл зөөлөн, тархи нь ил байж байдаг. 
-Хагалгаа хийж байгаад ухаан алдаж унаад, 16 минут зүрх нь зогссон тухай та бичсэн байсан. Тэр юу болсон юм бэ? 
-Тэр чинь арваад жилийн өмнө болсон юм л даа. Хагалгаа хийж байгаад ухаан алдаад уначихсан. Тэр үед эмнэлэг дээрээ ажлаа хийж байгаад унасан тулдаа л амь гарсан л даа. Тэр үед сэхээнд оруулах гэж байснаа болиод зүрх нь зогсчихсон учраас замын цагдаагаас машин аваад шууд Гуравдугаар эмнэлэг рүү аваачсан тулдаа амьдарсан шүү дээ. 16 минут зүрх нь зогссон. Энэ бол жинхэнэ факт байхгүй юу. Ер нь хүний зүрхний цусан хангамж зогсоход 8 минутын дараа тархины үйл ажиллагаа зогсдог. Энэ амьгүй донор болоод байгаа хүмүүс тийм учиртай юм. Цусан хангамж зогсоод тархи үхэжсэний дараагаар хиймэл амьсгал хийхээр зүрх нь ажиллачихдаг. Зүрх ажиллаад тархи руу цус нь очиход тархи аль хэдийн үхэжсэн байдаг. Кадавр донор гээд байгаа чинь тийм учиртай хүмүүс байхгүй юу. Өөрөө яг тийм хүн болсон. Гэхдээ тэндээс амьд босоод ирсэн хүн байхгүй юу. Би ямар сайндаа өөрийн нүүр номдоо бичсэн байгаа биз. Бурхан л түүнийг энэ ажлаа хий. Энэ ажлаа жигдрүүл гэдэг даалгаврыг өгөөд амьдруулсан болов уу. Түүний дараа Баачка группт орсон. Зүрх нь ажлаа хийж чадахгүй болоод, аюултай түвшинд оччихсон. Тэгээд зүрхэндээ стэнд тавиулаад нэлээд байсан. Тэгж байтал Эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн албаны даргаар ажиллаач гэдэг санал ирээд, ажилдаа эргээд орсон. Түүнээс группт байж байгаад тэтгэвэртээ суучих л байсан. 
-Тэр саналыг их дуртай хүлээн авсан байх даа? 
-Тэгсэн. Энэ талын зүйлийг сошиал, хэвлэл мэдээллээс харахад гадны орнуудад тийм ажлыг эмнэлгийн хүмүүс нь өөрсдөө хийдэггүй юм билээ шүү дээ. Донорын ар гэрийнхэнтэй уулздаг хүн чинь хуулийн хүн байдаг юм билээ. Гэтэл монголд тийм биш л байна л даа. Одоохондоо энэ чинь дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа залуу салбар. Баачкагийн багш нь Отгондалай эмч л дээ. Залуу байхад нь багш нь хэлдэг байж л дээ. Ирээдүйд Монгол Улс өөрсдөө эрхтэн шилжүүлдэг болно гээд л. Манай хүн залуугаасаа л түүнийг нь толгойдоо кодолчихсон байсан. Баачкаг Нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхад нь америкаас нэг эмч ирээд, хамтарсан цээжний хөндийн мэс заслын хагалгаа хийсэн юм. Тэр эмчтэй танилцаад, дагаад л бүх зүйлийг нь сурсан. Тэр эмч нь америкт уриад, америкт очсон. Тэгээд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нь хараад л ерөөсөө үүнийг монголд нутагшуулах ёстой гээд л зүтгэчихсэн. Сүүлд нь Сэргэлэн эмч, бас хэн багш билээ дээ хэдүүлээ ярилцаад баг болсон. Ер нь хамгийн анхны томилолт, явах асуудлыг манай хүн бүгдийг нь зохицуулж, хөөцөлдсөн. Тэр дороо англи хэл сураад л. Бидний насныханд англи хэл сурна гэдэг хаа холын мөрөөдөл шүү дээ. Заавал үүнийг монголдоо хийдэг болно гээд л чичирчихсэн хүн байхгүй юу. 
-Та ч Батчулуун эмчтэй их ойр байж дээ. Энэ хэмжээнд мэддэг байна гэхээр. Бас маш их зүйл сурчээ дээ? 
-Би ямар ч эмнэлгийн талын мэдлэггүй. Гэхдээ Баачка маань хар багаасаа ярьсаар байгаад биднийг ийм болтол ярьж л дээ. Элэг шилжүүлнэ гэдэг амар ажил биш шүү дээ. Сэргэлэн эмч мэдэгдэлдээ дурдсан байсан. Хоёрхон милметр судсыг залгаж оёдог гэж. Яг тэр хоёрхон милметр судсыг нь залгаж оёдог хүн чинь манай Баачка шүү дээ. Хамгийн чухал ажил. Тэр жижигхэн судсуудыг бүгдийг нь залгаж оёдог. Хүмүүс амархан юм шиг санадаг. Бүтэн 6 цаг дор хаяж түүнийг оёно. Та нар бүтэн 6 цаг зогсоогоороо, хагас тонгойгоод хагалгаа хийнэ гээд төсөөлдөө. Бид бол чадахгүй. Эмч нар бол үнэхээр гайхалтай хүмүүс. Тэд үүнийг хийдэг. Кинон дээр гардаг шүү дээ. Хажуунаас нь сувилагч нь салфеткаар хөлсийг нь арчаад л. Яг амьдрал дээр тийм л зүйл болж байдаг. Хүний үхэл, амьдралтай зэрэгцээд л зогсож байдаг хүмүүс. Хажуугаас нь бүх эмч нар нь хараад, хянаад аппаратаар хэмжээд л байж байгаа шүү дээ. Бүх юм зүгээр ажиллаж байна уу гээд л. Тэнд ямар нэгэн юм нь л унах юм бол тэр хагалгаа тэр чигээрээ сүйрэх байхгүй юу. Тиймээс эмч нар урьдчилаад бүх зүйлээ бэлддэг. Ямар нэгэн төсөөлшгүй зүйл болоход бүх зүйл бэлэн байх ёстой гэж ордог. Хагалгаа маш нарийн ажил. Элэг шилжүүлнэ, бөөр шилжүүлнэ гэдэг чинь хүмүүсийн бодож байгаа шиг тийм хялбар зүйл биш. 
-Батчулуун эмч өөрөө ах, дүү хэдүүлээ хүн бэ. Ах дүү нар нь ямар байгаа бол? 
-Эрхтэний наймаа хийлээ гээд л байгаа. Төрсөн эгч нь 7 жил бөөр орлуулагч аппаратаар эмчлүүлж байна. Хэзээ нэгэн цагт өөрт нь таарсан бөөрний донор олдох байх гээд ээлжээ хүлээгээд л байж байгаа. Өөрөө ч бие муутай хүн. Бид уулзахаар нэг том дөрвөлжин эмийн хайрцаг гаргаад тавьчихна. Цагаа хараад л суугаад байна. Цаг боллоо найз нь эмээ уугаадахъя гээд нэг эм гаргаж ирээд ууна. Хүн харахад хэцүү амьдралтай хүн шүү дээ. Жаахан байж байгаад л одоо 3 цагийнхаа эмийг уугаадахъя гээд л дахиад эм гаргаж ууна. Өдөржин эм ууж амьдардаг хүн байхгүй юу. Сая дахиад Гуравдугаар эмнэлэгт зүрхний стэнд тавиулж байгаа юм. Стэнд гээд байгаа юм чинь судсыг тэлдэг. Цус нь явахгүй байна аа даа. Зүрх нь цусаа шахаж дийлэхгүй. Тэгэхээр судас тэлэгч тавьж хүчээр цусыг шахаж байна шүү дээ. Цусыг бүх эрхтэнд шахах ажиллагаа явагдаж байна. Дээрээс нь өөрөө сахартай. Хэцүү л байна даа. Сахар нь унаад л. Хэрвээ ингэж яваад хэтэрхий дор болоод гараад ирвэл дахин өндийхөөргүй биетэй хүн. 
-Хэрэг өндрөө авахад өөрөө бүх хариуцлагаа үүрээд, уучлал гуйсан шүү дээ. Түүнийг нь харгалзаж болоогүй юм болов уу? 
-Анхнаасаа энэ хэргийг бүгдийг нь даагаад гарах болсон шалтгаан нь энэ салбараа унагачихгүй юм сан. Донор олдохоо байчих вий. Түүндээ шаналсандаа л энэ бүхнийг хийсэн. Түүнээс тэр донороос эрхтэн аваад, хагалгаа хийхэд тэр хүнд орох ямар ч эрх байхгүй шүү дээ. Ямар ч хамааралгүй зүйлд тэр хүнийг шийтгэсэн. Хүмүүсийн бичээд байгаа үнэн. Яагаад тэр хүмүүс хөндлөнгийн шинжээч авч энэ хэргийг судлуулсангүй вэ. Түүнээс тэнд очоод энэ хүний эрхтэнг аваад дууслаа гээд хаалгыг нь хаагаад хамгийн сүүлд гараад явдаг эмч байсан бол хамаа алга. Тэр хүнд хариуцлага тооцох энэ асуудал яригдаж болох юм. Тэглээ ч анх уулзаж хэлэх, эд эрхтнийг авах, шилжүүлэн суулгах энэ бүгд чинь тус тусдаа албатай. Хэн ч хоорондоо бие биеэ мэдэхгүй. Тэр хагалгаанд ямар эмч орсныг ч мэдэхгүй. Хэний эд эрхтнийг авч байгааг шилжүүлэн суулгаж байгаа баг нь мэдэхгүй. Эрхтэн шилжүүлэх ажиллагаа тэгж л явдаг зарчимтай. 
-Тархи нь үхэжсэн, энэ хүн босох найдваргүй боллоо. Донор болгох зөвшөөрөл өгөөч гээд ар гэртэй нь уулзана гэдэг амаргүй л ажил байх даа? 
-Ар гэртэй нь уулзаж, энэ бүхнийг хэлнэ гэдэг үнэхээр том бөх зүрхтэй хүний хийдэг ажил. Тэр хүний ард ажил нь байгаа учраас зоригтой орж уулзаж байгаа шүү дээ. Зүрх нь ажиллаад байдаг. Гэтэл босож ирэх найдлагагүй гэдгийг ар гэрт нь хэлнэ гэдэг хэцүү. Тэгж хэлэхээр нөгөө хүмүүс нь яаж хүлээж авах вэ. Дээрээс нь хямарчихсан байгаа хүмүүс. Гэтэл очоод л одоо эрхтнийг авъя гэж хэлнэ. Ийм л ажил хийдэг хүн. Тэгээд л уулздаг л байсан. Тэр бүхнийг зөвөөр ойлгуулна. Энэ ажлыг аваад яах гэж хоёр удаа Донорын хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Эд эрхтний наймаа болох вий гэдгээс сэргийлээд, өөрчлөлтүүдийг санаачлаад, оруулаад өгөөч гээд явсан. Өөрөө хууль санаачлах эрх байхгүй. Гэхдээ л УИХ-д сууж байгаа эмч нартай уулзаад, батлуулсан. Хуулийнхаа өөрчлөлтийг оруулсан. Анх хуулиараа хамаатан садан улсууд хоорондоо эрхтнээ өгөх боломжтой гэснийг өөрчлүүлсэн хүн шүү дээ. Энэ чинь нууц биш шүү дээ. Солонгост аваачаад нэгнийхээ эрхтнийг сольсон гээд кейс явж л байсан. Түүнийг бүрэн гүйцэт зогсоосон хүн шүү. Гэтэл өнөөдөр яг тэрүүгээрээ өөрөө ял авна гэдэг өрөвдмөөр биз дээ. Би үнэхээр гайхаад байгаа. Тэр хүн бухимдахаас яах вэ. Өөрөө түүндээ бухимдаад байгаа. Зүрхнийх нь 30 хувь ажиллаж байгаа хүн тэнд байгаа гэхээр харамсалтай байна. Дээрээс нь сэтгэл санаа нь ямар байх вэ. Өөрийнхөө зорьж явсан ажлынхаа төлөө өнөөдөр гавлуулаад хэвтэж байгаа гэхээр үнэхээр гунигтай. Хүн ер нь сэтгэл санааны л амьтан. Тэгээд л турж эцээд насильканд багтахаар жижигхэн болчихсон байна. Хэцүү л санагдаж байна. 
-Охин эхнэр нь бас эрүүл мэндийн байгууллагын хүмүүс гэж сонссон? 
-Охин нь үүдэл эсээр японд докторын зэрэг хамгаалсан. Өнөөдөр яг түүгээрээ ажиллаж байгаа. Япончуудтай хамтраад үүдэл эсээр эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Эхнэр нь Анагаахын их сургуульд багшилдаг. Охин нь даралт нь ихсээд байна гэж ярьсан. Тэр хүн ямар байгааг ойлгож байна. Залуу хүн өндөр даралт яриад байж байна гэдэг аав нь ямар байдалд орчхоод байгаа билээ. Хэцүү л санагдаж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00