ТЦА-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг: Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас тээврийн цагдаагийн албанд халтиргаа гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдсэн. Өнөө өглөөний байдлаар зам тээврийн осолтой холбоотой 140 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Уг ослын шалтгаан нөхцөлийн хувьд зарим жолооч өвлийн дугуйгаа яаран сольсноос үүдэлтэй мөн хажуу хоорондын зай бариагүйгээс шалтгаалж байна. Өнөөдөр БЗД-ийн 31-р хорооны нутаг дэвсгэр Дарь Эх орчимд долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар жолооч нарын хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн байдал тогтоогдоогүй. Мөн өнөөдрийн байдлаар орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэний улмаас зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн.
Тодруулбал: Хөвсгөл аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын нутаг, Дархан Уул аймаг, Төв аймгийн Лүн сум цас орж байна. Завхан аймгийн Тэс сум, Сүхбаатар аймгийн засаг даргын захирамж гарч орох гарах замын хөдөлгөөнийг хязгаарласан. Цагдаагийн байгууллагад хоногтоо 200-аас 250 дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Цас орсон нөхцөлд энэ тоо нэмэгдэн 700 дуудлага бүртгэгдэх тохиолдол гарч байсан. Тиймээс нийслэл хот болон орон нутгийн замд цасан шуурга шуурч байгаатай холбоотойгоор үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа нь зам тээврийн осол гарах нөхцөл байдалтай байгаа тул холын замд гарах гэж байгаа жолооч нар цаг агаарын мэдээлэл авч өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.