Dark Light
Нийгэм | 2025-04-01

СУРВАЛЖИЛГА: ДӨРВӨН СУРАГЧ ТУТМЫН НЭГ НЬ VAPE ТАТАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Электрон тамхи буюу VAPE-ийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон залуусын нэгэн үе бий болоод удав. Хичээлийн танхимаас эхлээд хаа сайгүй энэ VAPE гэгч зүйлийг сороод суучихна. Залуусын дунд энэ цагаахан нэртэй хорыг бүр гангараа болгочихсон тууж яваа дуулдана. Хаа хаанаа хяналтгүй болчихож. Хүүхэд хүүхдээсээ л нөлөө авч байгаа хэмээн хэнэггүй ярьж суух сурган хүмүүжүүлэгчид. Энэ бол электрон тамхийг нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн байгаагийн нэг илрэл мөн биз.

НЭМҮТ-ийн хорт зуршил, хавдар хариуцсан мэргэжилтэн Р.Оюунгэрэл: Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ өсвөр үеийнхэн дунд ихсэж байгаа. Боловсролын орчин дахь хүүхдийн эрх хамгаалал зан үйлийн судалгаанд 2023 онд хийсэн судалгаагаар “4 суралцагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна. 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татаж байна” гэх тоо баримт гарсан. Тэгэхээр электрон тамхи үнэр амт оруулагч ашиглаж байгаа учраас илүү их хор хөнөөлтэй. VAPE 3 төрлийн өвчин үүсгэдэг.

Тамхины шалтгаант уушгины архаг бөглөрөл, тамхины шалтгаант зүрхний шигдээс бол хамгийн өргөн тохиолддог.

Нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Лхамрагчаа:

Дунд ахлах ангийн хүүхдүүд ихэвчлэн татдаг. Эмэгтэй сурагчид их хэрэглэж байгаа. Үүний хор хөнөөлийн талаар үе шаттай сургалтууд сурагчдад явуулж байна. Гэхдээ электрон тамхи хүүхдүүдийн ордог бүхий л газраар зарж байна. GS25, CU, ТҮЦ, дэлгүүрүүд гээд. Бичиг баримтыг нь үзэхгүй зарах тохиолдол ажиглагдаж байна. Уг нь нас заасан байх ёстой. Нас заахгүй өгч байгаа нь бүх хүн авах боломжтой л байна гэсэн үг. Сургуулийн бүсээс 500 метрт тамхи заруулахгүй гэдэг. Энэ хууль бараг л үйлчилдэггүй. VAPE нь бүр зохицуулалтгүй яваад байна даа.

Сурагчдаас энэ талаар асуухад ойр тойрны дэлгүүрүүд VAPE зардаг гээд зарим нь байршлыг нь хэлж өгөв.

ЕБС-иудын зүгээс тухайн сургуулийн ойролцоо VAPE зардаг CU, GS25, ТҮЦ, дэлгүүрүүдэд албан бичиг, шаардлага хүргүүлдэг байна. Гэвч өнөөх худалдаа эрхлэгчид дурамжхан уг бичгийг аваад, хэрэгжүүлэхгүй, эсэл нууцаар зардаг талаар багш нар ярьсан юм.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Энхжин: -Манай сургуулийн зүгээс насанд хүрээгүй хүүхдүүдэд тамхи худалдаалахгүй байх талаар албан бичиг хүргүүлж ажилладаг. Гэхдээ бид шууд худалдааг зогсоох эрхгүй тул холбогдох байгууллагууд, тухайлбал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавих шаардлагатай байна. ТҮЦ болон худалдааны цэгүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг бид нар яг нарийн мэдэхгүй учраас хяналтыг сайжруулах хэрэгтэй.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 16-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Лхамрагчаа: -Хамгийн чухал нь насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалахыг бүрэн хориглож, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Энэ нь хүүхдүүдийн хэрэглээг бууруулах гол арга зам юм.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 16-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа: -Манай сургуульд бага ангийн сурагчид ангидаа электрон тамхи авчирсан тохиолдол гарч байсан. 2, 3, 4-р ангийн хүүхдүүд хүртэл ийм зүйл авчирч, бусдад санал болгож байсан тохиолдлууд бий. Учир нь тэд эцэг эхийнхээ хэрэглээг дуурайж байгаа бөгөөд асуухад "Ээж, аав маань татдаг" гэж хариулдаг. Харин эцэг эхийг нь дуудахад "Тийм ээ, би хэрэглэдэг" гэх нь олонтаа. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх нь хамгийн чухал байна.

Эцэг эхчүүдийн тухайд: Сүүлийн үед сургуулиудад хяналт шалгалт явуулахад маш олон сурагчид электрон тамхи хэрэглэж байгааг илрүүлсэн. Хөвгүүд, охид ялгаагүй хэрэглэж байгаа нь санаа зовоож байна.

Сурагчдын хариулт: Манай ангийн хүүхдүүдийн талаас илүү хувь нь электрон тамхи хэрэглэдэг. Ялангуяа 14-16 насны хөвгүүдийн дунд ихээр дэлгэрч байна. 10-р ангийн сурагчдын дунд хэрэглээ маш их байгааг анзаарах болсон.

Хүүхдүүд тамхийг анх сонирхож, "гоё" санагдсан учраас туршиж, улмаар хэрэглэж эхэлдэг байна. Найзууд нь бие биедээ нөлөөлж, уруу татах нь элбэг. Мөн ах, эгч, гаднын хүрээллээс тамхи олж авах тохиолдол их байдаг. Ихэнх хүүхдүүд тамхины хор хөнөөлийг сайн ойлголгүй хэрэглэж эхэлдэг нь асуудлыг улам даамжруулж байна.

Электрон тамхийг хянах нь битгий хэл, олон нийтийн сүлжээнд чөлөөтэй сурталчилж, дэлгүүрийн касс дээр ил байрлуулж, өсвөр насныхныг татахуйц амт, хэлбэрээр борлуулж байна. Химийн найрлага, насны хязгаарлалт зэргийг дурддаггүй нь хэрэглээг улам өсгөжээ.

Электрон тамхи нь уушгийг гэмтээж, тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Энгийн тамхитай адил никотин агуулдаг тул донтуулах нөлөөтэй. Түүнчлэн татахаа зогсоох дохио тархинд өгдөггүй учир хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй.

  • Монголд 13-15 насны хүүхдийн 14.3% нь электрон тамхи хэрэглэдэг.

  • Насанд хүрэгчдийн 24.2% нь хэрэглэдэг.

  • БНСУ-тай харьцуулахад манайд хүүхдийн хэрэглээ өндөр байна.

Хууль ёсоор насанд хүрээгүй хүнд электрон тамхи худалдах хориотой ч, ЕБС орчимд чөлөөтэй зарагдаж байна. Дорноговь аймгийн нэгэн сургууль нэгжлэг хийж, сурагчдаас электрон тамхи илрүүлжээ. Электрон тамхи нь уушгийг эргэшгүй өөрчлөлтөд оруулж, никотины донтолтыг нэмэгдүүлдэг. Өсвөр насныханд улам хортой тул үүнээс татгалзахыг зөвлөж байна. Хяналтгүй худалдаа, хууль хэрэгжихгүй байгаагаас болж өсвөр үеийнхэн хохирч байна. Электрон тамхи аюулгүй бус, харин ч илүү хор хөнөөлтэй байх эрсдэлтэй тул хэрэглээг хязгаарлах шаардлагатай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00