Томоохон төслүүд бодит ажил хэрэг болж, хөгжлийн хөдөлгүүр эрчимжиж эхэлж байна. Үүний нэг тод жишээ нь Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл юм. Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн энэхүү төслийн асуудлаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд З.Энхболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс газ” төслийн удирдагч Д.Даваа зэрэг албаны хүмүүстэй уулзаж, төслийн явц мэдээлэлтэй танилцлаа.
Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хоёр хөрш хоорондоо гэрээ хэлэлцээрээ хийж баталгаажтал бид бэлтгэлээ хангаж байна.
Монгол, Орос хоёр талын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Эрмэлзлийн санамж бичиг” байгуулж, маршрутаа тогтсон. Хятадын тал Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойн төсөл удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсээр байгаа.
Төслийн онцлох үр нөлөө:
Эдийн засгийн өсөлт: Хийн хоолой баригдсанаар манай улсын эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт орж, төсөвт тодорхой хэмжээний орлого нэмэгдэнэ.
Ажлын байр нэмэгдүүлэх: Төслийн хэрэгжилтийн явцад олон ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Байгалийн хий нэвтэрснээр аж үйлдвэр, айл өрхүүд байгальд ээлтэй, хямд эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж, улмаар Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулах боломжтой болно.
Олон улсын хамтын ажиллагаа: ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжилд шинэ хуудас нээж, ирээдүйд олон боломжийг авчрах болно.