Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээнээс 6 алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа эх орондоо ирлээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонсов.
-Та зургаан алтан медаль хүртэж, гурван дэлхийн дээд амжилт тогтоогоод эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Тив дэлхий хэсэж, АНУ-ын Флоридад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Цагийн зөрүүгээ гаргахаар цагаан сараас өмнө очиж бэлтгэлээ хийсэн. Манай охины охиныд байрласан. Тэмцээндээ ороод давгүй амжилт гаргалаа.
-Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?
-Өрсөлдөөн байсан. АНУ, Германы тамирчид хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн.
-Монголд бэлтгэлээ хэр хангав?
-Монголд бэлтгэл жигдрээд явсан. Очоод хөнгөхөн бэлтгэл хийж байгаад тэмцээндээ орсон. 200м, 400, 1500м-т дэлхийн рекорд амжилтыг тогтоолоо.
-Таны дараагийн зорилго юу вэ?
-Тавдугаар сарын 10-н хэднээр Тайванд уралдана. Бэлтгэл хангагдчихсан байгаа. Айх юм алга. Хаа ч очоод уралдсан бие бэлэн, хоёр хөл саруул байна даа. Сайхан байна.
-Та сэтгэлзүйгээ яаж бэлддэг юм бэ?
-Бэлтгэлээ ханатал хийсэн учраас яах бол ийх бол гэсэн бодол байгаагүй. Монголын ард түмэн намайг огшоож байгаа учраас та бүхний хүчинд би амжилт гаргалаа.