БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны I мотобуудлагын рот нь Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж байна.
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Рувенг засаг захиргааны муж дахь Абьемном болон Маёом аймгийн орон нутгийн иргэдийн хооронд малын хулгайн гэмт хэргээс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарч, цагийн байдал тогтворгүй болж, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван хүний амь нас үрэгдэж, аюулгүй байдлаа хангах НҮБ-ын энхийг сахиулагчдаар хамгаалуулахаар олон тооны орон нутгийн иргэд “Сүбээдэй” түр ажиллагааны баазад ирж хамгаалалт, орогнол хүсэж баазын гадна цугласан.
Манай энхийг сахиулагчид “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны мандатад заагдсан орон нутгийн энгийн иргэдийг хамгаалах үүрэг, тогтсон ажиллагааны журам, хүч хэрэглэх дүрмийн дагуу иргэдийн эмх замбараагүй байдлыг үүсгүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж, зэвсэгт мөргөлдөөний үед шархадсан орон нутгийн 2 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, НҮБ-ын ажилчид болон орон нутгийн иргэдийг хамгаалалтад авч, шаардлагатай сэтгэл зүйн болон бусад тусламжийг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Мөн орон нутагт ажиллаж байсан НҮБ-ын ажилчдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэл үүссэн тул тэднийг “Сүбээдэй” бааз руу татан авч хамгаалалтыг зохион байгуулан ажиллалаа.
Үүссэн цагийн байдлыг үндэслэн мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Эрдэнэбилэг Юнити секторын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, үйл явдлын талаар мэдээлэл хүргэн, батальоны штабын даргаар ахлуулсан томилгоот бүрэлдэхүүнийг Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгүүллээ. Тус томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх газар орон дээр хүрэлцэн ирсэн даруйдаа “Сүбээдэй” баазын энхийг сахиулагчдын хамтаар баазын гадна талд энгийн иргэдийг хамгаалах түр байрыг байгуулан, газар орны инженерийн төхөөрөмжийн ажлыг өөрийн хүчээр гүйцэтгэж, энгийн иргэдийг зэвсэгт халдагаас хамгаалах, энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ.
Цаг үеийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хариуцлагын бүс нь омог хоорондын мөргөлдөөн, иргэдийн зөрчил тэмцэл ихтэй байгаа хэдий ч манай энхийг сахиулагчид эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд тогтвортой байж НҮБ-ын мандатаар заасан үүрэг, улс, эх орон, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас даалгасан захиас даалгавраа алдаа мадаггүй гүйцэтгэсээр байна.
Цэргийн багийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч ахлах дэслэгч Б. ЭРДЭНЭБАТ




Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|