Өнөөдөр /2025.04.08/ Шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржав агсны охин Болорсүрэн Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ. Л.Дүгэржав агсан нь "Төгрөг нуурын орд"ын хайгуулын ажлыг хийж байсан бөгөөд тус ордын 20 хувийг эзэмшиж байсан юм. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Төгрөг нуурын орд"-ыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах төслийг санаачилж байв. Гэвч 2008 онд дарамт шахалтад өртөн төсөл зогсож, 20 хувийн эзэмших эрхээ алдаж байсан тухай түүний охин Д.Болорсүрэн ярьлаа.
Тэрбээр,
Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар манай аавыг 1.3 сая ам.доллараар зараад идчихсэн луйварчин мэт асуудлыг хөнджээ. Аав маань “Төгрөг нуур” ХК-ийг 2005 онд маань байгуулсан. “Утаагүй түлшний үйлдвэр”-ийг “Төгрөг нуурын орд”-д байгуулж, энэ ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж, 20 хувийн эзэмшигч байлаа. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2009 онд энэ ордыг 250 сая ам.доллароор худалдсан. Гэхдээ ингэхдээ бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цааш шилжүүлсэн. Тухайн үед бид гурван шатны шүүхэд хандаад зарж үрсэн, төлбөр мөнгө аваагүй нь тогтоогдсон. Гэтэл өнөөдөр 17 жилийн дараа энэ ордтой холбоотой асуудлыг УИХ-ын түвшинд гаргаж ирж, улстөржүүлж байна. Би энэ асуудалд эмзэглэж байгаа тул иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалыг АТГ-т өгөх нь зөв юм байна гэж бодлоо. Аав минь өөд болоод 3 жил боллоо. Өөд болчихсон хүнийг 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн мэтээр сүнсийг хүртэл амирлуулахгүй байгаад охиных нь хувьд би зовж байна. Над руу янз бүрийн дугаараас залгаж байна, зурвас бичиж байна. Би амьдармаар байна, үр хүүхэд бий. Би айж байна, надад хамгаалалт хэрэгтэй байна. Би аавыгаа дагаад олон жил улс төрд ажиллаж байгаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Миний аав Антарктидад 7 удаа очсон, өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т улсынхаа далбааг мандуулсан, анхны (аяны) монгол гэрийг аваачиж барьсан хүн. Ийм идэр, чийрэг хүн бурхан болсонд охиных нь хувьд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би хардах эрхтэй гэв.