Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны плей-оффын хагас шигшээ тоглолтууд Баянгол дүүрэгт байрлах “UG Arena”-д үргэлжилж байна. Энэ удаагийн цувралд олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй тулаан бол “Эс Жи Эйпс” болон “Бишрэлт Метал” багуудын хагас шигшээ тоглолт юм.
Цувралыг 3:0 харьцаагаар тэргүүлж, финалд ганцхан алхам үлдээд байсан “Эс Жи Эйпс” баг өчигдөр дөрөв дэх тоглолтдоо өрсөлдөгч “Бишрэлт Метал”-д 81:79 онооны зөрүүтэй ялагдлаа хүлээлээ. Ийнхүү “Метал”-ын залуус тэмцээнээс хасагдах эгзэгтэй мөчид сэтгэл зүй, эрч хүч, багаар ажиллах чадвараараа ялгарч, цувралын анхны ялалтаа авлаа.
Хоёрдугаар хагас эхлэхэд “Эс Жи Эйпс” 46:37-оор тэргүүлж байсан бол шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Метал” баг 13 онооны зөрүүг арилгаж, тоглолтын сүүлийн мөчид онооны харьцааг эргүүлэн, 81:79-өөр ялалтад хүрсэн нь үзэгчдийг шуугиуллаа. Хожигдох эрхгүй тулалдсан тэд үнэхээрийн сэтгэл зүйтэй баг гэдгээ харуулж чадсан юм.
Энэ тоглолтод:
-
А.Энхбаясгалан – 21 оноо
-
Б.Сүхбат – 18 оноо
-
Байрон Уэсли, Т.Ууганбаяр – тус бүр 12 оноо
-
Девон Скотт – 11 оноогоор багаа хожилд хөтөлсөн бол,
“Эс Жи Эйпс” багийн хувьд:
-
Акоуг Ден – 18 оноо
-
Тупу, М.Өлзий-Орших – тус бүр 15 оноог авсан ч ялалтад хүрч чадсангүй.
Цувралын тав дахь тоглолт "M Bank Arena"-д болно
Хагас шигшээ цуврал 3:1-ээр “Эс Жи Эйпс”-ийн талд хэвээр байгаа ч, “Бишрэлт Метал” залуусын хожигдох эрхгүй сорилтууд үргэлжилж байна. Цувралыг 3:3 болгохын тулд дараагийн хоёр ч хожил тэдний өмнө босоод буй. Гэвч өчигдөрх шиг эрчтэй, ухаалаг тоглолт үзүүлж чадвал спортод боломжгүй зүйл үгүй гэдгийг батлах цаг айсуй.
Түүхэнд бичигдэхүйц 3:0-ээс эргэн ирэлт хийх үү, эсвэл “Эс Жи Эйпс” аваргын төлөө “Хасын Хүлэгүүд”-тэй тоглох эрхээ бататгах уу гэдгийг ирэх долоо хоногт “M Bank Arena”-д болох тав дахь тоглолт шийдэх болно.
Сагсан бөмбөгийн хорхойтнууд анхааралтай ажиглаж, догдлон хүлээж байна.