Боловсролын яамнаас Боловсролын ерөнхий хууль болон Засгийн газрын 2024 оны 48 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын иргэн хүүхэд, залуучуудыг бүртгэж, сурч боловсрох эрхийн тандан судалгаа хийн, ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдалд үнэлгээ хийж ажиллалаа.
Энэхүү ажлыг зохион байгуулахад Монгол улсаас БНЭУ-д сууж буй Элчин сайд Г.Ганболд дэмжлэг үзүүлж ажиллав.
Одоогийн байдлаар БНЭУ-ын буддын 14 дацан, хийдэд 407 хүүхэд, залуучууд суралцаж байна. Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан баг дацан хийдүүдийн удирдлагуудтай зөвлөлдөж, тэдгээрийн сургалтын цагийн хуваарьтай уялдуулан монгол хүүхдүүдийг ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөр болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрийн сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус арга хэмжээ хэрэгжсэнээр Энэтхэг улсад суралцаж буй хүүхдүүд ерөнхий боловсрол нөхөн эзэмшиж, тухайн улсад эзэмшсэн боловсролоо Монгол Улсын албан боловсролд дүйцүүлэх боломж бүрдэх юм.