Боловсролын яамнаас Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Уг төслийн “Хосолсон сургалт” бүрэлдэхүүний хүрээнд зорилтот 85 ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлага, мэдээллийн технологийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2024 онд үе шаттай зохион байгуулж, хосолсон сургалтыг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэсэн юм.
Мөн төслийн зүгээс хосолсон сургалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Цахим танхим”-ыг нийт 2,5 тэрбум төгрөгөөр сургуулиудад байгуулж, сургуулийн интернет холболт, хичээл сургалтад хэрэглэх сүүлийн үеийн програм хангамжаар бүрэн хангаж хосолсон сургалтыг амжилттай туршин хэрэгжүүлэх орчин, нөхцөлийг бүрэн хангасан байна.
Төсөлд хамрагдсан сургуулиудын 255 багш өөрийн хичээл дээр хосолсон сургалтын 4 загварыг хэрхэн туршсан сайн туршлагаа бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх, хосолсон сургалтын туршилтад хамрагдаагүй байгаа сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, сургалтын үед хүүхдээ хэрхэн дэмжих талаар зөвлөмж, зааварчилгаа хүргүүлэх зорилготой “ЦАХИМ КОНТЕНТЫН УРАЛДААН”-ыг Боловсролын ерөнхий газрын Цахим боловсрол, статистик мэдээллийн газартай хамтран зохион байгуулж өнөөдөр шагналтнуудаа тодрууллаа.
Энэхүү уралдаанд өрсөлдсөн бүтээлүүдээс: Өөрийн хичээлдээ шинэлэг сурган заах арга зүйг нэвтрүүлсэн; хичээлдээ техник, технологийг хамгийн үр дүнтэй ашигласан; хосолсон сургалтад хамрагдаж буй сурагчдын идэвх оролцоог хамгийн их нэмэгдүүлсэн; хосолсон сургалтад сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог хамгийн сайн нэмэгдүүлсэн; өөрийн сайн туршлагаа бусад багш нартаа түгээн дэлгэрүүлж, сурталчилсан байдал гэсэн таван төрлөөр тус бүр гурван шагналт байрыг шалгаруулжээ
Цаашид уралдааны төрөл бүрээс тэргүүн байр эзэлсэн бүтээлүүдийг сайн туршлага болгон Medle.mn цахим хуудсан байршуулан, хосолсон сургалтыг хэрэгжүүлэх багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хүртээл болгон ажиллах юм.