Мэдээлэл зүйн улсын 39 дүгээр олимпиад нээлтээ хийлээ. Олимпиадыг 2025 оны 4 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд МУБИС-ийн МБУС болон МУИС-ийн МТЭС дээр зохион байгуулах юм.
Олимпиадын гурван ангилалд аймаг, нийслэл, бүсийн болон үндэсний онлайн олимпиадаас шалгарсан нийт 136 оролцогч оролцож байна. Үүнд:
9-10 дугаар ангийн сурагчдын ДУНД ангилалд 47;
11-12 дугаар ангийн сурагчдын АХЛАХ ангилалд 45;
БАГШ ангилалд 44 оролцогч шалгаран ур чадвар, эрдэм оюунаа уралдуулан өрсөлдөнө.
Түүнчлэн сурагчдын программчлал, мэдээллийн технологийн бүтээлийн уралдаанд 66 сурагч 30 бүтээлээрээ оролцохоор болоод байна.
Бүтээлийн уралдаан нь Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг НҮТББ (Мэдээлэл зүйн олимпиадын хороо) нь нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг үйл ажиллагаа бөгөөд “Суралцагчийн шинэ санаа, инновацын сэтгэлгээний хөгжлийг дэмжих, бүтээлээ түгээн дэлгэрүүлж, нийгэмд сурталчлах, суралцагч өөрийн шинэ санаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрт нээх боломжийг олгох” зорилготой юм.
Олимпиадад ЦХИХХЯ, БЕГ, “Динза, Цондоолойгийн анд найзууд” НҮТББ хамтран ажиллаж байна. Олимпиадын бодлогын оноог тооцоолох, үнэлгээнд олон улсын цахим шүүлтийн системийг ашиглан явуулна. Зохион байгуулалтын ажилд ММЗОХ-оос 40 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг ажиллаж байна.
Үйл ажиллагааны болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн informatics.edu.mn сайтаас хүлээн авах боломжтой.