НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” гэж зарласан.
ОХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутад тойрч эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн байдаг. Түүхийг эргэн сануулбал, 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09:07 цагт Байконурын / Казахстаны нутаг дээр байдаг/ сансрын буудлаас дэлхийн анхны сансрын нисэгч “Восток-1” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Дэлхийн анхны сансрын нисэгч дэлхийг тойрог замаар нэг удаа тойрч Саратов мужийн Смеловка тосгоны орчим буужээ. Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтний түүхэн дэх анхны нислэгийг үйлдсэн нь энэ юм.
Эл өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК Сансрын нисэгчдийн өдөрлөг зохион байгуулна. Тодруулбал, тус төвөөс энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчидтэй шууд холбогдож ярилцах аж. Мөн залуус Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас сонирхсон асуултаа асууж, гарын үсгийг нь авч зураг даруулах боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна сансрын DJ шоу, сансрын сэдэвт сонирхолтой хөтөлбөр, тоглоомууд тоглуулж, фуршет дэлгэх юм.
Өдөрлөгийг орос, монгол хэлээр зохион байгуулах бөгөөд үүнийг “AIST GLOBAL” телевиз, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, “Россотрудничество” агентлаг болон Буриадын Засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулах аж. Уг үйл ажиллагааг “Хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 60 жилийн ой”-д зориулан 2021 онд ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Россотрудничество” байгууллага анх удаа зохион байгуулж байсан юм. Тухайн үед 45 улс орны иргэн уг арга хэмжээнд оролцож байсан бол өнгөрсөн 2024 онд оролцогчдын тоо 28 мянгад хүрчээ.