Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын хамгийн том боловсролын үзэсгэлэн болох “STEAMEX 2025”-ийг Unitel STEAM Hub хөтөлбөр дэмжин ажиллалаа. Уг хөтөлбөр орон нутгийн хүүхэд залуусын техник технологи, шинжлэх ухааны сонирхлыг дэмжиж, өөрсдийн гараар зохион бүтээх, асуудал шийдвэрлэх, үр дүнд хүрэх замыг нь чиглүүлж буй билээ. Улаанбаатар хотод л хамрагдах боломжтой байдаг робот угсралт, код бичих зэрэг технологи, шинжлэх ухааны сургалтыг Билгүүн хүү Өвөрхангай аймагт амралтаараа очих үедээ авчээ.
Өвөрхангай аймаг дахь Unitel STEAM HUB төвийн сурагч Б.Билгүүн
Би Улаанбаатар хотод сурч амьдардаг. Гэхдээ өвлийнхөө амралтаар өвөө, эмээ дээрээ Өвөрхангай аймагт очсон юм. Энэ үеэр Робот угсралт кодчиллын сургалт явагдаж байгааг мэдээд, бүртгүүлж сурсан. Төгсөөд батламжаа ч гардаж авсан. Сонирхолтой сургалтад сууж, өөрийгөө хөгжүүлж, шинэ найзуудтай болсондоо үнэхээр баяртай байгаа. Монгол орон даяар суралцах боломжийг нээж өгсөн Unitel STEAM Hub сайн туршлагаа эргээд нийслэл хотын захын дүүргүүдэд мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Орон нутагт хэрэгжсэнээр хүүхдүүдэд энэ төрлийн мэдлэг ур чадварыг олгохоос гадна, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх багш нарыг сургалтад хамруулж, ур чадвар эзэмшүүлэх, орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх гээд олон эерэг нөлөөг үзүүлжээ.
Хэнтий аймаг дахь Unitel STEAM HUB төвийн багш З.Наранцацрал:
“Би мэдээлэлзүйн багш мэргэжилтэй, манай нөхөр Лундаажанцан технологийн багш. Бид 2 робот кодчиллын чиглэлээр өөрсдөө их сонирхдог, сурагчдаа дагуулаад энэ чиглэлийн тэмцээн уралдааныг очиж үздэг байсан л даа. Гэвч Хэнтий аймагт өмнө нь STEAM чиглэлийн сургалт огт байгаагүй. Харин Unitel STEAM HUB төв Чингисхаан хотод нээгдэж байгаа талаар сонсоод судлаад үзтэл “багш сургаж авна, мэдээлэлзүй, технологийн багш байвал давуу тал болно” гэсэн зарыг үзээд бүртгүүлсэн юм. Эндээс тэнцээд Улаанбаатар хотод очиж 21 аймгийн багш мэргэжилтнүүдтэй хамт сургалтад сууж, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын арга зүй, гарын авлагатай танилцаад багшлах эрхийн сертификат авсан. Одоо манай нөхөр сургалтаа орж, би элсэлт бүртгэл гээд ажилд нь тусалж байгаа. Анх эцэг эхчүүд утсаар ямар төрлийн сургалт болохыг асуухад нь ач холбогдлыг нь ойлгуулахын тулд сургалтын төв дээрээ ирүүлэн, тайлбарлаж өгдөг байсан юм. Одоо бол хүмүүс мэдээлэл аваад сонирхох эцэг эхчүүд сурагчид нэмэгдэж байгаа. Хүүхдүүд маань ч сургалтаа дуусаад дараагийн шинэ сургалт хэзээ вэ гэж хүлээдэг болсон. Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг нөхөр бид хоёрын хувьд ажлынхаа хажуугаар өөрсдийнхөө сонирхлоор багшилж, орлого нэмэгдэж байгаа гээд их өөрчлөлт гарч байгаа.”
Хэнтий аймаг дахь Unitel STEAM HUB төвийн сурагч Т.Сүлд-Эрдэнэ
“Би 4-р ангиасаа Лундаа багш дээр технологийн дугуйланд явдаг, тэмцээн уралдаанд сонирхож явдаг байсан. Гэтэл сүүлд Цацаа багш, Лундаа багш хоёр STEAM сургалтын төв нээгдэж байгаа тухай хэлээд Робо Кид болон Дрон гээд хоёр сургалтад суусан. Дрон маань хааяа далийгаад л байдгаас биш өөрөө угсраад, кодоо бичээд, удирдах үнэхээр урамтай байгаа. Би ирээдүйд автын инженер болох хүсэлтэй. Сургалтад суугаад инженер болоход хэрэгтэй олон зүйлийг сурч авсан. Олон найзтай болж, багаар ажиллаж сурсан. Бас мэдэхгүй зүйлээ нэгэндээ зааж, гарын ур дүйтэй болж, хичээл зүтгэлтэй байж сурч байгаа. Үеийнхээ найзуудад хэлэхэд Unitel STEAM HUB сургалтад сууснаар тууштай байхад суралцаж, олон чадвараа зэрэг хөгжүүлэх боломжтой, бас багшийнхаа заавраар системтэй сурах боломжтой тул заавал сураарай гэж хэлмээр байна.” Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан ирээдүйн инженер болох мянга мянган хүүхдийн шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн сонирхлыг дэмжиж робот угсралт, код бичих сургалт, мөн электроникийн суурь мэдлэг олгох “Robokid”, “Code.org”, “U pro 20”, “Drone”, “Snapcircuit” зэрэг олон улсын франчайз эрх бүхий сургалтын хөтөлбөрүүдийг хөнгөлөлттэй үнээр суралцах давуу талыг олгодог байна.
Мөн дээрх төвд:
- Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах туршлагыг хуваалцах зорилгоор долоон аймгийн Unitel STEAM Hub төв дээр нийт 524 хүүхдийг workshop, сургалтад хамруулж,
- Сансрын долоо хоног арга хэмжээг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж, 31 мянга орчим хүүхдийг хамруулсан зэрэг хувь хүний хөгжилд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.
Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, хот хөдөөгийн цахим боловсролын ялгааг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор 2022 онд Дархан-Уул аймгаас эхэлсэн Unitel STEAM Hub хөтөлбөр 2023 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад хүрч, 2024 онд Баянхонгор, Завхан, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв аймгуудад нээлтээ хийсэн юм.