Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “КОП-17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” байгуулж, дүрмийг батлах тухай” асуудлыг танилцууллаа. НҮБ-тай хамтран “UNCCD COP17 ULAANBAATAR” бага хурлыг ирэх 8 дугаар сарын 14-28 өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор тус цэцэрлэгт хүрээлэнд дэд бүтэц татах шаардлагатай бөгөөд холбогдох салбар байгууллагууд хамтран угсралтын ажлыг энэ сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна. НҮБ-ын талуудын бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох зэрэг асуудлыг хэлэлцдэг тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах санал дэмжигджээ. Харин тус дэд бүтцийг хурлын дараа хэрхэн үр дүнтэй ашиглах, цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахгүй байх талаар Засаглал, эрх зүйн хорооны гишүүд санал хэллээ.
Үүний дараа “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам” батлах тухай асуудлыг Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулав.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгаад буй. Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.
Мөн “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Франц улстай хамтран “Дүүжин замын тээвэр” төслийг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Засаглал, эрх зүйн хорооны гишүүд холбогдох албаныхнаас асуулт асууж, санал хэлсэн бөгөөд НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
“КОП-17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” байгуулж, дүрмийг батлах тухай”
“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам” батлах тухай
“Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай