Dark Light
Нийгэм | 2025-04-15

Д.ЭНХГЭРЭЛ: МӨРӨӨДЛӨӨ АЛДВАЛ ӨӨРИЙГӨӨ АЛДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дуучин Д.Энхгэрэлтэй ярилцлаа.

-Та сүүлийн үед уран бүтээлдээ эргэн орж, эрч хүчтэй ажиллаж байгаа харагдлаа...

-Би нэг хэсэгтээ ер нь дуулахгүй хоёр гурван жил болсон. Тэр хугацаанд яг мэргэжлээрээ, өөрөөр хэлбэл маркетингийн менежер, олон улсын худалдааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Маркетингийн агентлагт ч байсан, барилгын компанид ч байсан, тэгээд дандаа л өөр өөр, дуу хөгжимтэй огт холбоогүй зүйл хийсэн. Гэхдээ яг дотор маань нэг мэдрэмж байнга нэхэгдээд байдаг байлаа. Дуулах ёстой юм шиг... өөрийгөө олох мэдрэмж гэж хэлж болно.

-Тайзнаас холдоно гэдэг таны хувьд хүнд байсан уу?

-Тэр үедээ мэддэггүй байж. Гэхдээ сүүлд ойлгосон. Мөрөөдлөө хаяна гэдэг чинь өөрийгөө хаяж байгаа л хэрэг юм байна лээ. Тэгээд би яг тэгсэн байхгүй юу... Нэг мэдсэн чинь яг л тийм байдалд орчихсон байсан. Дотор нэг л хоосон.

-Тайзан дээрээ хэрхэн эргэж ирэв...

-Тайз руугаа буцаж гарсан анхны өдөр бол үнэндээ аймаар байсан. Маш их алдаа гаргасан. Бэлтгэлгүй, өөртөө итгэлгүй байдалтай гарсан болохоор... Гэртээ дуулаад байсан ч яг тийм бэлтгэл биш байж. Гарч дуулчихаад би бүр "одоо дуулж чадахаа больсон юм болов уу?" гэж бодсон шүү. Гэхдээ дотроо л байнга хоолойны бэлтгэл хийж, дуулах гэж зэхэж байсан юм шиг байгаа юм. Нэг мэдсэн чинь хавар нь би дахиад дуулж эхэлсэн.

-Тайзан дээр гарах мэдрэмж танд яг ямар байдаг вэ?

-Тайзан дээр байх нь надад хамгийн гоё мэдрэмж. Тэр мэдрэмжийг би 13, 14 настайгаасаа мэдэрсэн. Тайз миний хувьд диваажин шиг л санагддаг байсан. Хүмүүс диваажинг яг ямар газар байдаг юм бол гэж боддог байхад би "тэр нь л миний тайз" гэж итгэж байсан. Яг дуулж эхлээд хүмүүс миний дууг мэдээд, бүх үгийг нь мэдээд дуулж байхыг харахаар бүр уйлмаар болдог. Тэр хором надад хамгийн үнэтэй.

-Яг тэр мэдрэмжээс болж дахин дуулмаар санагдсан уу?

-Тийм ээ. Тайзан дээр гарахаар л би өөр хүн болчихдог юм шиг. Амьдрал дээр жоохон ичимхий, зарим үед өөрийгөө барьдаг хүн шүү дээ. Гэхдээ тайзан дээр тэгдэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө байдаг. Миний "жинхэнэ би" тэр тайзан дээр гарч ирдэг. Тэгээд хүмүүс урдаас миний дууг хамт дуулж байгааг харахаар би бүр гайхаад, бахархах сэтгэл төрдөг. “Миний дууг мэддэг юм байна шүү дээ!” гээд л... Сая шинэ жилүүдээр олон газраар дуулсан, олон хүн хамт дуулж байгааг хараад бүр тэсэж чадахгүй уйлмаар санагдсан үе ч байсан.

-Таны уран бүтээлийн эхлэл Wasabies хамтлагтай холбоотой байсан байх, тийм үү?

-Бид анх шоунаас 5 охин шалгараад “Wasabies” гэдэг хамтлаг байгуулагдаж байсан. 2021 онд би хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан. Тэгээд одоо манай охидууд Японд соёлын төлөөлөгчөөр ажиллаж, маш амжилттай явж байгаа.

- Таны “Flame” дууны үг үнэхээр сэтгэл хөнддөг. Энэ дууны үг таны амьдралын яг тэр үеийг илэрхийлсэн юм уу?

-Тийм ээ. "Don't me down, чи ойлгохгүй юм гэж үү?" гэдэг мөр бол яг миний мэдэрсэн зүйлийг л хэлсэн. "Доороос чинь татах үед тухгүй байгаа юм байна шүү" гээд... Яг тэр мэдрэмж. Би яг тийм л байдалд байсан. Юу болоод байгааг ойлгохгүй, юу хиймээр байгаагаа мэдэхгүй, гацчихсан. Гэхдээ тэр дуу, тэр үгс намайг эргэж дуулах урам зориг өгөх нэг түлхүүр болсон.

-Таныг яг одоо тайзан дээрх “жинхэнэ би”-тэйгээ эргэн уулзсан гэж ойлгож болох уу?

-Тайзан дээр л би өөрөөрөө байдаг. Тайзнаас буухаар жаахан өөр болчихдог. Тийм болохоор ч тэр үү би мөрөөдлөө алдаж болохгүй юм байна гэдгийг бүр ухамсарласан. Мөрөөдлөө алдчих юм бол, тэр нь би биш болчихдог юм байна. Тэгээд одоо бол дуулахдаа хамаагүй их урам зоригтой, хүсэлтэй, зорилготой болсон. Бас өмнөхөөсөө илүү хайртай болсон гэж хэлж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00