Япон Улсын Осака хотноо 04 дүгээр сарын 12-нд “Осака-Кансай ЭКСПО 2025” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын амар амгалан- Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэлээ.
Монгол Улсын асар нь үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж байна.
Монгол Улсын үндэсний өдөрлөг ирэх 07 дугаар сарын 27-ны өдөр зохиогдох ба Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалын онцлогийг харуулсан хөтөлбөрүүдийг бэлтгэн ажиллаж байна.
"Осака-Кансай экспо 2025” үзэсгэлэн нь зургаан сарын хугацаанд үргэлжлэх ба 158 улс, олон улсын 9 байгууллага оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй хүн ирэх тооцоог гаргасан байна.