Dark Light
Нийгэм | 2025-04-16

“ШУДАРГА ЖУРАМ” МЕДАЛЬ 5 ЖИЛИЙН ДАРАА ЭЗНЭЭ ЗОРИОД ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрдэнэт хүний амь насыг аварсан баатарлаг үйлсийн хариу шагнал эрт орой хэзээ нэгэн цагт эзнээ зориод ирдэг ажээ. Өдгөөгөөс 5 жилийн өмнө буюу 2020 онд Ховд аймгийн Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч 18 настай О.Сүлд Баян-Өлгий аймагт аав, ээж, дүү нарын хамт зугаалж явахдаа Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан баатарлаг үйлсийг байгуулж байв. Тэр үедээ аварсан, авруулсан хоёр хүү нэгэндээ баяр талархал илэрхийлж, “Ачийг тань энэ насандаа мартахгүй” гээд гар утасныхаа дугаарыг солилцож, улмаар амьдралын найзууд болон үлдсэн байдаг. Харин таван хавар өнгөрсөн ч бусдын алтан амь насыг аварсан баатарлаг үйлст О.Сүлдийн гавьяаг төр засаг нь марталгүй явсаар өчигдөр буюу 04 дүгээр сарын 15-ны өдөр гардуулан өгчээ. ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллахдаа таван жилийн өмнө байгуулсан бахархам үйлсэд нь талархал дэвшүүлж, эх орныхоо төлөө зүтгэсэн офицер болсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг нь хүндэтгэлтэйгээр энгэрт нь зүүж өгөв.
 
Таван жилийн өмнө 18 настай байсан О.Сүлд өнөөдөр 22 настай Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг, галт хэрэглэлийн инженерээр ажилладаг, дэслэгч цолтой. 2020-2024 онд ҮБХИС-ийн ЦНДС-ийн цэргийн зэвсэглэл мэргэжлээр төгсөж, 2024 онд төрөлх нутагтаа буюу Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас ажлын гараагаа ийнхүү эхлүүлжээ. Түүнтэй холбогдож сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
 
Юуны өмнө танд баяр хүргэе, бахархаж байна?
 
Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа “Шударга журам” хэмээх хүндтэй медалиараа шагнана гэж зүүдэлсэнгүй явлаа. Тэр үедээ аав ээж минь “Сайн байна, миний хүү. Цаашдаа хэзээ хаана ч яг үүн шигээ бусдад тустай яваарай” гэж хэлж байснаас төр засгаас нөхөж шагнана бодоогүй. Өчигдөр ажлаа тараад харьж явахад аймгийн ЗДТГ-аас “Таван жилийн өмнө байгуулсан үйлсэд нь медаль гардуулна. Хүрээд ирээрэй” гээд дуудахад нь л мэдсэн. Маш их баяртай байна.
 
Аврагдсан хүүтэй таныг амьдралын найзууд болсон гэж дуулсан?
 
Тийм ээ. Түүнийг Ганболдын Батням гэдэг, надтай чацуу. Тэр үед гэр бүлээрээ зугаалж байхдаа Ховд голд загасчилж яваад хөл нь хальтирчихсан юм билээ. Манай гэрийнхэн ч ойролцоо нь байж таарч, би хармагцаа гол руу шумбаж орсон нь тэр ээ. Г.Батням одоо ХААИС-д маркетингийн менежер мэргэжлээр суралцдаг, ирэх жил төгсөнө. Баяр ёслолын үеэр “Найзынхаа ачаар алаг хорвоод амьдарч яваа хүн шүү би” гэж дандаа утсаар залгаж хэлдэг дээ” хэмээн өгүүллээ.
 
Тэрээр бусдын алтан амь насыг аврах үедээ аав Н.Отгондагва, ээж Д.Мөнхцоож, дүү нар болох О.Дөлгөөнтамир, О.Дөлгөөнжаргал, О.Гэгээнжаргал нартай хамт салхилж явсныг дурдаж, аав нь орон нутагтаа жолооч, ээж нь аймгийн Политехникийн коллежид багшилдаг гэлээ. Өдгөө аавын гэрээс өрх тусгаарлаж, Б.Гансувд хэмээх бүсгүйтэй ханилж, С.Ариунзул гэдэг бяцхан охинтой болсноо ч баяртайгаар хуучилж байсан юм. Зэвсэгт хүчний цэл залуухан боловсон хүчин бусдад элэг бүтэн амьдрал бэлэглэсэн чимээгүй баатар явсныг ч Монгол Улсын Ерөнхийлөгч "Шударга журам" медалиараа нотолсонд нь талархаж байна.
 
Хамгийн гайхалтай нь аврагдсан хүү буюу оюутан Батнямын аав ээж нь дэслэгч О.Сүлдийг шагнах ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичиж, аймаг орон нутгийнхаа захиргаа, онцгой байдлын байгууллагад завсар чөлөөгүй уламжилж, эрхэм офицерын энгэрт энэхүү хүндтэй медалийг гялалзахад нь тусалж. Бахархалтай санжээ.
Ахмад Д.БОЛОР
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00