Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна.
Жилд нэг удаа болдог Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл төдийгүй наадмын нээлт нь үндэсний онцлог, түүх, соёл, өв уламжлалаа жуулчдад сурталчлан таниулах хамгийн том энтертайнмент арга хэмжээ билээ.
Энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлт хийгдэж эхэлсэн бөгөөд наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан оройны нэмэлт хөтөлбөр, энтертайнмент арга хэмжээ зохион байгуулна.
