Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар “Шинэ-Мөрөн худалдааны төвд”-д объектын гал түймэр гарсантай холбогдуулан гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслүүлэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох, түрээслэгчдийн санал хүсэлтийг сонсох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шийдвэрлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Тус хуралдаанаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өглөө.
- 2025 оны 04-р сарын 18 ний өдөр Худалдаа үйлчилгээний төвийг шинээр барих төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг ажлын даалгавраа боловсруулан олон нийтэд нээлттэй зарлах;
- Шинээр баригдах ХҮТ-ийг 10 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх;
- Эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд 6 сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөх нөхцөлийг тусгах;
- Объектын гал түймэрт өртсөн барилгад барилгын хяналтын улсын байцаагчийн актыг нэн даруй гаргах, галын дүгнэлт, хохирлын үнэлээгээг хурдан шуурхай гарган тогтоох;
- Түрээслэгчдийг 10-р сарын 01 хүртэл БТСГ-ын зааланд худалдаа эрхлэх боломжоор хангах; /Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр/
- Мөн хохирлоос үүдэлтэй ажилгүй болж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах улирлын шинжтэй ажлын байрыг бий болгоход анхааран ажиллахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг чиглэл өглөө.