СХД-ийн нутаг дэвсгэрээс 5-6 сартай нярайн цогцос удсан байдалтай олдсон хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулав.
- СХД-ийн нутаг дэвсгэрээс 5-6 сартай нярайн цогцос удсан байдалтай олдсон гэх хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчимд СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж, шалгалтын ажиллагаа явагдаж байна. 5-6 сартай гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэлэх шаардлагатай. Одоогоор хараахан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Цогцос олдсон нь өөрөө гэмт хэргийн шинжтэй асуудал. Үүн дээр цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна. Мөн бусад чиг үүргийн байгууллагуудын албан хаагчдыг оролцуулан ажиллаж байна. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлаас хамаараад гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг цагдаагийн байгууллага олж тогтооно. Гудамж талбай, олон нийтийн газар нярай хүүхдийн цогцсыг орхиж байгаа нь өөрөө ноцтой асуудал.
-Тухайн цогцос нэлээд удсан байдалтай олдсон гэх мэдээлэл бий. Ойролцоогоор хэр удсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болов уу?
-Урьдчилсан байдлаар цагдаагийн алба хаагчид хараад хэр удсаныг тогтоох боломжгүй. Тэгэхээр шүүх шинжилгээний байгууллагын холбогдох мэргэжилтэн, алба хаагчид нас барсан шалтгаан, цаг хугацааг нарийн тодорхой гаргана. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цогцост үүссэн шарх, өөр бусад нас барсан шалтгааныг тодруулбал зохих тал бүрээс нь нотлох ажиллагааг яг одоо хийгээд явж байна. Шалгалтаар жишээ нь, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тодорхой хугацааны дараа дүгнэлтүүд гарна. Одоогоор дүгнэлтүүд гараагүй байна.
-Тухайн хүүхдийн эцэг эхийг олж тогтоосон уу?
-Одоогоор яг тэр асуудлыг шалгаж байна. Тухайн олдсон цогцостой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох ажиллагаанууд давхар хийгдэнэ. Тэгэхээр эцэг эх, хамааралтай хүмүүсийг олж тогтоох ажлууд хийгдэнэ.
-Цагдаагийн байгууллагад тухайн насны хүүхэд алга болсон талаарх гомдол мэдээлэл бүртгэгдсэн үү. Хэрвээ хүүхэд нь алга болсон бол ар гэр нь цагдаагийн байгууллагад мэдээлэх байсан. Тэгэхээр гудамжнаас энгийн иргэн олж анх мэдээлсэн үү?
-Хүүхэд алга болсон гэх асуудалд холбогдох ажиллагааг хийх асуудал бий. Хүн бий болоод нас барсан байдалтай олдож байгаа учраас энэ нь ноцтой гэмт хэрэг. Цагдаагийн байгууллага хэргийн холбогдогчийг олж тогтоох бүхий л арга хэмжээг авч ажиллана. Таны асуултын дагуу бүхий л арга хэмжээг шуурхайг хэрэгжүүлнэ гэсэн үг.