Монголын Үндэсний музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн олны хүртээл боллоо.
Монголын үндэсний музейд 10 хоногийн турш дэлгэсэн энэхүү үзэсгэлэнг 1500 хүүхэд, залуус үзэж сонирхжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу багш нар суралцагчидтайгаа үзэж сонирхсон нь онцлог байв.
Аман хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархаж, тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг. Энэхүү үзэсгэлэнд 20 угсаатны 90 орчим аман хэл хуурыг дэглэжээ. Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн дурсгалт газрын Хүннүгийн булшнаас олдсон “Ясан хуур”-ын хувилмал загвар, эртний баатруудын “Нуман хуур”, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, ОХУ-ын Якут, Тува, Польш, Унгар зэрэг олон орны сонин содон хэл хуур үзэсгэлэнд тавигджээ.
Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт хэл хуур хөгжмийн талаарх агуулгыг тусгах, сургуулиудыг хөгжмийн зэмсгээр хангах, багш нарыг сургах чиглэлээр Монгол туургатан, хэл хуурын нийгэмлэгтэй хамтран ажиллана.