Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгджээ. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 22:30 цагт “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Corolla автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна. Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2.53 бүхэл хувьтай байжээ.
Жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.