Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэж дууслаа. Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах юм. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээлэл өгөхөөр байршил дээр нь ажиллалаа. Газрын дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах бөгөөд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно хотын төвд байршилтай газар юм.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Бусдад хууль бусаар ашиглагдаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг буцаан авч, 32 машин механизмаар 24 цаг тасралтгүй ажиллаж 72 цагийн дотор нурааж талбайг чөлөөллөө. Чөлөөлсөн 3150 ам.метр талбайг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Ирэх даваа гарагт олон нийтэд дуудлага худалдааны зарыг албан ёсоор хүргэнэ. Нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа хуучин эмийн үйлдвэрийн газар нь хотын төвд байрлалтай учраас үнэд хүрнэ гэж төлөвлөж байна. Цаашид Улаанбаатар хотод хууль бусаар газар эзэмшүүлдэг байдлыг таслан зогсоох үүднээс чөлөөлсөн газар дээр үйлчилгээ бүхий орон сууц бариулна” гэлээ.
Нийслэлийн өмчийг ил тод, шударга бусаар хямд үнээр худалдан борлуулж, хэн нь мэдэгдэхгүй хүмүүст эзэмшүүлдэг байдлыг зогсоохоо НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Цаашид энэ төрлийн дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулж хэвшүүлнэ. Улс, нийслэлийн өмчийг хувьдаа завшдаг байх нь зүй бус гэдгийг мөн тодотголоо.
Ташрамд, хуучин эмийн үйлдвэрийн барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг олон жил хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилгыг нураахаар албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байсан билээ.