2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн шалгуулагчдын тоо өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдэх ёстой шалгуулагчдын 90 хувьд хүрээд байна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Бүртгэлийн хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт албан ёсоор хаагдана. Иймд шалгалтад оролцохоор төлөвлөж буй иргэд бүртгэлээ амжиж хийж, баталгаажуулахыг холбогдох албанаас анхааруулж байна.
БҮТ-өөс шалгуулагчдад дараах зөвлөмжийг хүргэв:
-
Бүртгэлтэй холбоотой аливаа алдаа, зөрчил гарсан тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд шууд хандаж засварлуулах боломжтой.
-
Бүртгэлийн хугацаанд шалгуулагчид өөрийн сонгосон хичээлүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.
-
Бүртгэл хаах хугацаа ойртох тусам системийн ачаалал нэмэгддэг тул шалгуулагчид бүртгэлээ эрт гүйцэтгэж, баталгаажуулахыг уриалж байна.
Элсэлтийн шалгалтад ирэхдээ бүрдүүлэх шаардлагатай материалууд:
-
Иргэний үнэмлэх (эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг)
-
Бүртгэлийн хуудас
-
Суудлын хуваарь
-
Бүрэн дунд боловсролын үнэмлэх (төгсөгчдөд хамаарна)
Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхэд чухал шалгуур болдог тул бүртгэл болон шалгалтын бэлтгэлийг нухацтай хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.