Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас Монгол Улсын Үндэсний Номын Санд ном хандивлах "Эрдэм номын чуулган-2025" ёслол 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт МУҮНС-ийн Салбар номын сангийн шинэ байрны Үзэсгэлэнгийн танхимд болно.
"Эрдэм номын чуулган" ном хандивлах үйл ажиллагаа 2019 оноос эхлэн 7 дахь жилдээ болж байгаа бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд өмнөх жилд нь эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ уншигч, судлаачдын гарт хүргэхээр шилжүүлдэг уламжлалтай юм.
Өнөө жилийн ном хандивлах ёслолын үеэр мөн ШУА-ийн ахмад эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ойдовын Адъяа хувийнхаа номын сангийн 800 гаруй номыг бүхэлд нь МУҮНС-гийн сан хөмрөгт хандивлан хүлээлгэж өгч байгаа талархууштай үйл явдал тохиож байна.
"Эрдэм номын чуулган-2025" ном хандивлах ёслолын үеэр ШУА-аас хандивласан болон эрдэмтэн, доктор /Sc.D/ О.Адьяагийн номын сангийн номоор үзэсгэлэн дэлгэж уншигч, олон нийтэд толилуулна.