Монгол Улсын Ерөнхий сайд, Самади багш, Очирванийн хувилгаан Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь буддын гүн ухаанд нэвтэрсэн, буддын шашны сургаалын арвин их сан хөмрөгт олон арван бүтээл туурвил бичиж үлдээсэн бичиг номын их хүмүүн байсан төдийгүй Богд хаант Монгол Улсын Ерөнхийлөн шийтгэх сайд, Дотоод яамны сайд, Ардын засгийн анхны Ерөнхий сайд, баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар ажилласан Монгол төрийн нэрт зүтгэлтэн, XX зуунд сэргэн мандсан шинэ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бие сэтгэлээ зориулан амь хайргүй тэмцсэн цогтой эх оронч юм.
Түүний хөшөөг төв талбайд залах ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг дарга Г.Өнөрбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал С.Ванчинхүү болон Улиастай цэргийн хүрээ, бусад зочид, төлөөлөгчид, ард иргэд оролцлоо.
Жалханз хутагт Д.Дамдинбазарын хөшөөг төв талбайд залах төслийн санаачлагчаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, гүйцэтгэгчээр Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг нар ажиллав.




