Dark Light
Нийгэм | 2025-04-24

“ТАВАН ЦЭГ” БАГ 23 ХОНОГТ 1000 КМ ЗАМЫГ ТУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх орныхоо баруун, зүүн, өмнөд, хойд хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нар гүйж байна.

Баруун хязгаараас гараагаа эхлүүлсэн тэд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийг туулж, яг энэ цаг үед дөрөв дэх аймагтаа буюу Баянхонгорын Бууцагаан суманд 1000 дахь км замаа амжилттай тууллаа. Энэ үеэр нь Ахлах ахлагч Э.Даваажамцтай холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

1000 дахь км замаа амжилттай туулсанд баяр хүргэе, нийт замынхаа 25 хувийг тууллаа?

Баярлалаа. Намайг дэмжиж байгаа иргэд, олон нийт, мөрдөс болоод зорилго нэгт Зэвсэгт хүчний алба хаагч, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дайчин нөхдөдөө баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр саадгүй сайн явна. 04 дүгээр сарын 02-ны өдөр түүх дурсгалын өлгий нутаг үзэсгэлэнт Алтай таван богдын Сонгинотын даваагаас гүйлтээ эхлүүлснээс хойш 23 хоног өнгөрч,1000 дахь км замаа хонгор нутагтаа гүйцээлээ. Одоо бидэнд 4000 км зам дутуу байна.

Өдөрт дунджаар хэдэн км зам туулж байна вэ?

Гүйхээс өмнө бэлтгэл ажил хангахдаа туулах замаа нарийн тооцсон. 2021 онд эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 2127 км замыг гүйж туулсны хувьд туршлага сургамж дээрээ үндэслээд 50-55 км байхаар тооцсон, энэ дагуу л гүйж байна. Ингэхдээ өглөө нар ургахтай зэрэгцэн гүйлтээ эхлүүлж, өдрийнхөө замын 70 хүртэлх хувийг нь туулчихна, өдрийн амралтын дараа үлдсэн хэсгээ гүйцээнэ. Ийм зарчмаар 23 хоног гүйж байна.

Бие эрүүл мэндийн тухайд давгүй юу?

Маш сайн байгаа. Ямар ч ядрал цуцалт байхгүй. Энэ нь “Таван цэг” багийн мөрдөс нэгт нөхдийн минь ач гавьяа. Багийн эмч дэслэгч Б.Золбоо, жолооч-тогооч ахлах ахлагч Б.Золбоо, жолооч ахлагч О.Ууган-Эрдэнэ, зураглаач дэд ахлагч Ө.Тэмүүлэн, гэрэл зурагчин О.Мөнхбат нартаа талархахгүй байхын аргагүй. Бидэнтэй хамт хамтран гүйгч дэд ахлагч Б.Буянхишигийн аав Н.Буян-Өлзий, ээж Д.Цогзолсүрэн нар яваа. Биднийг Говь-Алтай аймагт Хүйсийн говьд явахад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос зориод ирсэн. Охиноо Улаанбаатар хот ортол нь цуг явна аа гээд л ирсэн. Охиндоо сэтгэлийн хүч бэлэглэж байгаа ах эгч хоёртоо ч маш их баярлаж байна. Манай гэр бүлийн тухайд гэргий маань нялх биетэй, хүүхдүүд бага учир одоохондоо хараахан ирж амжаагүй л байна.

Аймаг орон нутгийнхан халуун дотноор угтан авч байгаа нь харагдсан ...?

Тийм ээ, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын бүрэлдэхүүн, цэргийн штабынхан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага хамт олон, гүйлтийн спортыг сонирхогч хүүхэд залуус, тээвэрчид, малчид гээд олон байгууллага, иргэдийг цохон тэмдэглэмээр байна. Тэр дундаа Зэвсэгт хүчний 123, 331, 340, 341 дүгээр анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 116 дугаар тусгай салбарынхан, цэргийн штабынхан, хилчид, онцгой байдлынхан, шүүхийн шийдвэрийнхэндээ талархаад баршгүй. Урьд орой гэхэд Бууцагаан сум орохоор гүйж байхад минь ИТХ-ын дарга болон онцгойгийнхон угтан авч, дагаж гүйж, байрандаа тухтай хонуулж, халуун хоолоор дайлж, өглөө нь мөн л үдэж мордууллаа. Ийм сайхан халуун дулаан сэтгэгдэл үлдээж байгаа хүн бүхэнд “Таван цэг” багийнхан талархаж байна. Мэдээж гүйлтийг бүх талаар дэмжиж байгаа БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, чанартай гутлаар ивээн тэтгэсэн “Лова” брэнд, амин дэмээ нөхөх нэмэлт тэжээлээр хангаж байгаа “Тяньши”-ийн ах, эгч, найзууддаа баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг хэзээ ч алдахгүй ээ. 

Өнөөдөр 1000 км зам туулсан онцгой үйл явдлаас гадна дэд ахлагч Б.Буянхишиг Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн эмэгтэй тамирчны амжилтыг шинэчлэн тогтоож буй сайхан мэдээ дуулдлаа. Энэ тухайд?

Тийм ээ, Хил хамгаалах байгууллагын алба хаагч ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 2021 онд 1047 км замыг 48 хоногт туулсан рекорд тогтоож байсныг уншигчид мэдэх байх. Тэгвэл дэд ахлагч Б.Буянхишиг өнөөдөр үдээс хойших гүйлтээрээ 1050 км зайдаа хүрч, энэхүү амжилтыг шинэчлэн тогтоож байна. Өмнөх тамирчны туулсан 48 хоногийг зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд хоёр дахин багасаж буюу 23 хоног болгон бууруулсан амжилтаар угтах төлөвтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.

Ахмад Д.БОЛОР

Эх сурвалж | Зэвсэгт хүчний Жанжин штаб
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11