Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ой ирэх сард тохионо. Ойн парадад оролцохоор алс холын Баян-Өлгий аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Эрэн хайх аврах бүлгийн аврагч нохойн хөтлөгч Ж.Жоламан Томми нохойтойгоо Улаанбаатарт нэг сарын өмнө иржээ. Тэд шувуун фабрикт байрлах нохой албаны сургалтын төвд давтан сургалтаа өгч байгаагийн зэрэгцээ парадад оролцохоор бэлтгэлээ базааж байна. Аврагч Томми эрэн хайх албандаа 5 дахь жил зүтгэж байгаа агаад дээрх хугацаанд Баян-Өлгий аймагт 7 удаагийн аврах ажиллагаанд томилогдож, цасан нуранги доороос гурван ч удаа эрдэнэт хүний амь насыг аварч байсан гавъяатай аж. Ахлагч Ж.Жоламан энэ оны нэгдүгээр сараас эхлэн Томмигийн хөтлөгч, хамтран зүтгэгчээр томилогджээ. Тэрээр: "Нохой сургахад бэрхшээлтэй зүйл огт байдаггүй, би өөрөө сонирхолтой учир асуудал гардаггүй юм. Нохойн эзэндээ үнэнч, хэзээ ч орхиж явдаггүй, хүнтэй нөхөрлөдөг сайхан чанарыг би маш их хүндэтгэн хайрладаг" гэлээ. Томми нохой тэтгэвэртээ гарах тун дөхсөнийг ахлагч Ж. Жоламан онцлов. Тийнхүү холын хоёр маань Онцгой байдлын албандаа алдар гавьяа нь түгсэн "Балу", "Марта" тэргүүтэй аврагч, эрэлч нохдын хамтаар ойн баярын парадын нэг хайрцагт жигдрэн алхана.
Нийгэм | 2025-04-26
Сэтгэгдэл бичих