Нийслэлийн МАН-ын түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Кровун Броверс" ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нуман Сүлд ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.
Наймд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Ч.Бээжин аваргын үр хүүхдүүдээс “Уран барилдаан”-ы шагналыг улсын харцага Б.Зоригтбаатарт, улсын аварга Д.Сумъяабазар “Ирээдүйн аварга” шагналаа аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт тус тус гардууллаа.
Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны 13:00 цагаас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.