Dark Light
Улс төр | 2026-11-20

AP: “ШУВУУ ШИГ НИСЭЭД ЯВЧИХСАН ТЭР ЭТГЭЭДИЙГ АВЧИРЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ”

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Их Хурал Пүрэв гарагт хуралдаж, долоон жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төмөр замын төслөөс санхүүгийн ашиг хүртсэн гэх эрх баригч МАН-ын өөр нэгэн улстөрчийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг баталсан талаар олон улсын Associated Press (AP) агентлаг мэдээллээ.

Уг үйл явдал нь эрх баригч намын жигүүр хоорондын дотоод зөрчлийг ил тод харуулж байгаа бөгөөд шинжээчид үүнийг улс төрийн эрх мэдлийн төлөөх нүүдэл хэмээн үзэж байна. Энэхүү буруутгалыг тус намын өөр жигүүрт хамаарах, одоо Канадад цагаачлан амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын захирагч асан Хишгээгийн Нямбаатар гаргасан юм. 

УИХ-ын чуулганд оролцсон 104 гишүүний 96 нь дэмжсэнээр У.Хүрэлсүхийг чөлөөлөх шийдвэр шууд хүчин төгөлдөр болов. Монгол Улсын хуульд зааснаар дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах ёстой бөгөөд энэ хугацаанд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх юм. 

Пүрэв гарагт парламентын хуралдаанд оролцсон У.Хүрэлсүх Х.Нямбаатарт хандан хатуу анхааруулга өгчээ. Тэрээр “Шувуу шиг нисээд явчихсан тэр этгээдийг авчирч хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой. Гадаадад орогнол хүсэж байгаа гэж сонссон” хэмээн мэдэгдээд, Х.Нямбаатарыг өөр нэгэн бүтээн байгуулалтын төслөөс авлига авсан хэмээн буруутгасан байна. 

У.Хүрэлсүх Мягмар гарагт огцрох шийдвэрээ зарлахдаа авлигын буруутгалыг няцааж, аливаа мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ. Тэрээр “Би ард түмнээсээ, төрөөсөө хулгай хийж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно” гэж хэлсэн юм. 

Олон улсын шинжээчдийн дүгнэлт

Хэдийгээр Ерөнхийлөгч албан ёсоор намын гишүүнчлэлээсээ татгалзсан байдаг ч У.Хүрэлсүх намынхаа улс төрд идэвхтэй оролцоотой, улс орны хэмжээнд нөлөө бүхий хүчирхэг улстөрч хэвээр байгааг ажиглагчид онцолж байна. 

2024 онд Монголын сонгуулийн ажиглагчаар ажиллаж байсан Марисса Смит түүний бүрэн эрхийн хугацаа уг нь 2027 оны зургадугаар сард дуусах байсныг дурдаад, ээлжит бус сонгууль явуулах нь эрх баригч нам болон У.Хүрэлсүхийн аль алинд нь ашигтай байж магадгүй гэж дүгнэжээ. 

Харин Германы Мангеймын их сургуулийн Монгол судлаач Жулиан Диркес У.Хүрэлсүхийн өмнөх огцролтууд нь түүний улс төрийн карьерыг улам өсгөхөд тусалж байсныг сануулав. Тодруулбал, тэрээр 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байсан юм. Жулиан Диркес “2021 оны эхээр жагсаал цуглааны хариуд Ерөнхий сайдаас огцорсон мэт харагдаад, хэдхэн сарын дараа дахин сонгуульд нэр дэвшиж байсантай нь өнөөдрийн авлигын буруутгалын хариуд гаргаж буй энэ үйлдэл ихээхэн төстэй харагдаж байна” хэмээн тэмдэглэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08