Бөхийн чөлөөт барилдааны 2001 оны ДАШТ АНУ-ын Нью Иорк хотод болох байсан ч Осама Бен Ладен хоёр өндрийг нурааснаас болж хоёр сар хойшлоод Болгар Улсын Софи хотод болов.
1993 онд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр хүрэл медаль хүртсэнээс хойш медаль аваагүй байсан манай чөлөөтийнхөн ээлжит амлалтаа өгөөд л явцгаалаа. 2000 оны Сиднэйн олимпод тавдугаар байрт ороод хаван буулгадаг эмнээс болж нэг жил барилдах эрхээ хасуулаад байсан гавьяат тамирчин О.Пүрэвбаатар Осама Би Ладенгын ачаар эрх нь сэргэж ДАШТ-нд барилдах эрхтэй боллоо.
Өглөө тэгшитгэлийн барилдаанууд амжиж дуусаагүй болохоор маргааш нь үргэлжилж барилдахаар болоод үдээс хойш урд өдрийн барилдсан жингүүдийн финалын барилдаан болох хуваарь гараад бид амрахаар байсан ч би финалын барилдаан бөхийн ордонд очиж үзэхээр шийдэж Ооског уруу татаж хамт явахаар өрөөнд нь орлоо.
Ооско орноосоо босдоггүй байсан тул намайг ханиндаа үлдээч хоёулаа зурагтаар үзье гээд л ...
Тэгсэн Т.Зүүнбаян орж ирээд хамт очиж үзье л дээ гээд. Тэгьеээ чи маргааш финалдана аварга болж байгаа хүмүүс яаж фоз авч яаж баярлаж байгааг очиж үзье гэж ятгаад хувцасыг нь бараг хүчээр өмсүүллээ.
Лифтээр буугаад иртэл сүүлийн автобус хөдлөж байхаар нь хоёулаа гүйгээд ороод суучихлаа. Бөхийн ордны гадаа очтол багш нар сандралдаад л “Ооскоо чи байна уу” гэж орилолдоод л.
Тэгэхээр нь “Яасан бэ энд байна” гэтэл “Хуваарь өөрчлөгджээ чи барилдах боллоо” гэв. Барилдах гэж очоогүй бөх үзэх гэж очсон өмсгөл хувцасгүй хүмүүс шууд шоконд орлоо. Заал руу гүйгээд ортол Ооскотой барилдах Казахстаны бөх дэвжээн дээр гараад зогсцон хүлээж байлаа. Бэлтгэлийн заал руу гүйгээд ортол Ооскогийн гол өрсөлдөгч Канадын бөх Гиви Сисаури тааралдлаа. Өмсгөлөө өгөөч хуваарь өөрчлөгдсөнийг мэдсэнгүй гээл гуйлаа. Сисаури өмнө нь манай Ооскод оноогоор цэвэр ялагдаж байсан хүн болохоор их дургүй байсан ч эр хүний чанар нь зулгаасан байхаа борцовкоо (чөлөөт бөхийн гутал) өглөө. Дараа нь өмсгөлний эрэлд гарлаа. Казакийн бөхийн гарыг өргөж ялалт өгөх гээд байдаг. Эргээд л Сисауридаа очиж гуйлаа. Тэр “Надад өмсгөл байхгүй ээ” гэхээр нь би цүнхийг нь дураараа онгойлгочихсон чинь өмсгөл нь гараад ирдэг байгаа.
Ар дээрээ “CAN” гэсэн бичигтэй урдаа навчны зурагтай. Өмсгөлийг нь өмсөөд л гүйгээд гарахад Казакын гарыг яг өргөх гэж байлаа.
Барилдаан эхлэнгүүт Ооско хөлд нь орж эхний оноогоо аваад л жаахан тайвширлаа. Казакын залуу бөх Турк руу сарын 30 мянган ам.доллараар зарагдахаар гэрээ хийчихсэн иргэншлээ сольж байсан шинэ од.
Барилдаан хүнд болсон ч манай хүн ялаад уйлаад л буугаад ирлээ. Ямар азаар дагуулж тэнд очсондоо би одоо ч баярлаж байдаг юм. Ёстой бөхийн бурхан тэнгэр л харсан биз. Маргааш нь манай хүн олимп дэлхийн аваргуудыг гялалзуулсаар мөнгөн медалийн болзол хангаад аваргын алтан медалийн төлөө нөгөөх л Канадын бөх Гиви Сисауритайгаа барилдахаар гарлаа.
Сисаурыгийн хувьд тухайн үедээ олимпийн мөнгөн медалтай, дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль авчихсан, түүнд ганцхан алтан медаль л дутуу. Манай хүний хувьд Азийн аварга, азийн тоглолтын аварга, бүх гран при тэмцээнүүдийн аварга, түүнд ганцхан дэлхийн аваргын медаль л дутуу байлаа.
Өмнө нь Узбекийн цомд аваргын төлөө Гиви Сисаурыгаа оноогоор цэвэр ялчихсан болохоор итгэлтэй байсан ч дэвжээн дээр АНУ-н шүүгч, (бараг л Канад хүн) дэвжээ хажуугийн шүүгч нь Гүржийн шүүгч. Сисаури Гүржид төрсөн сүүлд Канадад цагаачилсан хүн. Барилдаан хүнд болсон ч манай хүний хожлын оноог луйвардаж оноог тэнцүүлээд барьц сонгоход Сисаурыгийн талаар буугаад манай хүнийг аваад шидчихлээ.
Асуудал ингэж л шийдэгдсэн. Арваад жил медаль аваагүй тасарсан байсан медалын буухиаг сэргээлээ. Орой нь элчин сайд хүлээн авалт хийж баяраа тэмдэглэцгээлээ. Ооско маань хундаганы үг хэлэх болоход бэлгэнд ирсэн том мөнгөн аягандаа том виски задлуулж дүүртэл нь хийлээ.
Би энэ архийг нэг хүнд зориулмаар байна гэж хэллээ. Багш нар энгэр заамаа засаж хувцсаа бэлдэж хоолойгоо засаад л. Энэ хүн бол намайг барилдах эрхээ хасуулаад хүний нүдний үзүүр болж явахад миний хажуунаас салаагүй нөхөрлөсөн, энэ тэмцээнд медаль авах боломжийг минь нээж өгсөн эрхэм хүндэт найз Г.Ганхуяг минь юм. Чи бол жинхэнэ эр хүн. Чи энэ архийг дуустал нь уугаарай, багш нараа уучлаарай битгий загнаарай гэж хэлээд хүмүүс алга ташихад нүдэнд нулимс дүүрээд л муу барилдсан болохоор ширээний доод үзүүрт сууж байсан хүний эрэмбэ суга дээшлээд хойморт очлоо.
Бүгдийг нь нэг сайхан тойруулж харчихаад гүд гүд хийлгэж том том балгаж залгиллаа. Толгой эргэж нүд бүрэлзэж байсан ч архи ийм сайхан амттай, эр хүн ийм сайхан юм бодож явдагт биширлээ.
Монгол Улсын харцага Г.Ганхуяг