Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул
Царай зүсээ бүү гол
Нүд онигор, хялар, давхраатай, давхраагүй ямар ч хамаагүй харах л зориулалттай. Хамар монхор, сартгар ямар ч хамаагүй үнэрлэх л үүрэгтэй. Чих хулгар, дэлдэн, том жижиг ямар ч хамаагүй сонсох л зориулалттай. Бие тагжгар, бөгтөр тарган туранхай ямар ч хамаагүй мэдрэх л зориулалттай. Өөрийгөө царай зүс хэлбэр галбиртайгаа байнга бүү адилтга.
Өнгө зүс хэлбэр төрх хөөцөлдсөн хүмүүст таалагдах гэж өнгөлөн далдалж өндөрсгөн нарийсгах хэрэггүй. Дотоод сэтгэлээр чинь биш.
Гаднах төрхөөр чинь чамайг сонгож байгаа бол жинхэнэ найз биш. Тийм хүнээс болгоомжил. Хэзээ нэгэн цагт өөр хэлбэр дүрсэнд татагдаад чамайг орхиод одож ч мэднэ. Яаж ч засаж өөрчлөөгүй байгаагаар чинь чамайг сонгож байгаа хүн л чамд хань болно.
Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол. Гаднах хэлбэр дүрсийн уралдаанд өөрийгөө сайн дураараа бүү дэвшүүл.
Бусдад таалагдах гэх нь тийм чухал зүйл биш. Өөртөө таалагдах гэж л ингэдэг гэж бодож байгаа бол та орондоо орохдоо хүртэл гоёж гоодох байсан. Байгаагаараа л бай. Бусадтай бүү харьцуул. Өөрийгөө хэлбэр дүрстэй бүү адилтга. Та бол царай биш ухамсар. Та бол хэлбэр биш гэрэл.
Зовлон бол хайрын эзгүйрэл
Хайрын дулаан илчинд л зовлонгийн цэвдэг мөс хайлж ууршин талийна. Хайрын эзгүйд л зүрх зайрмагтаж цус царцан, зүрх цонхийно. Зовлон хайр хоёр нэг зүрхэнд зэрэг багтах боломжгүй. Зовлон бол харанхуй.
Хайр бол гэрэл. Таныг харанхуй эзэгнэж царай чинь барайн гуниглаж, сэтгэл чинь горойн гансарч байгаа бол та хайрын халуун илчээр дутсаных. Хангалттай хайр үгүйгээс л зовлонгийн түнэр харанхуй зүрх рүү тань нэвчиж түрэмгийлж байгаа юм.
Зүрх сэтгэлдээ хайрыг байнга тээж яв. Хаана ч бүү март. Хэзээ ч бүү орхи. Хайрын анирт л зүрх булиглаж цус буцалдаг юм. Зовлонгийн жихүүнийг сэтгэлдээ шурган орох зай бүү гарга.
Алхахдаа газрыг хөлийнхөө улаар үнсэн бүж. Харахдаа бүхнийг нүдээрээ тэврэн халь. Амьсгалахдаа салхийг таалан хүрт. Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул. Хайранд өөрийгөө эзэгнүүлбэл зовлон дайжих нь гарцаагүй.
Аз жаргал хаана байдаг вэ?
Аз жаргалд хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй ямар нэг зүйлд та хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан зүйлсийг нээж илрүүлэхийн нэр юм. Байгаа зүйлээ илрүүлэх, байхгүй зүйлээ олж авах хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь гэр лүүгээ буцах нөгөө нь гэрээсээ явахтай л адил. Угаасаа танд байсан юм чинь хайхын хэрэггүй болж байна гэсэн үг. Энэ бол аз жаргалд хүрэх боломжгүй.
Аз жаргалгүйгээс гарах боломжтой гэсэн үг. Аз жаргалд саад болдог мунхаг буруу үзэл бодол, уур хилэн, шуналын хир буртаг арилахад л аз жаргалын хурц гэрэл таны дотроос гэрэлтэх болно гэсэн үг. Та аз жаргалыг буруу зүгээс хайгаад байгаа юм биш биз?
Х.Баасансүрэн. Эрдэнэзуу хийдийн хамба лам