Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Өчигдөр орой Мөрөн суманд хүрэлцэн ирж, иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд Мөрөн сумыг хотын статустай болгох, Хүүхдийн эмнэлэг барих, Төрөлжсөн сургалттай сургуулийг өргөтгөх, нүүрсний төмөр замын асуудлыг зогсоох, уул уурхайгүй хөгжих, унанги, хожуулыг бүтээгдэхүүн болгох үйлдвэр барих, тогны үнийг багасгах, төрийн албаны ёс зүй, шүүхийг шударга, эрх тэгш байлгах зэрэг олон асуудлыг хөндөн хэлж байв. Өнөөдөр Дулааны станц, Нэгдүгээр цэцэрлэг, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол цэргийн нэгдсэн холбооны арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэр Нэгдсэн эмнэлэгт 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн дефибрилятор, дуслын автомат шахуурга, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээсний анализатор, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цахилгаан соруурын аппарат зэрэг 10 орчим нэр төрлийн тоног төхөөрөмж олголоо.
"Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсын 331 сумаас сонгон шалгаруулж 6 суманд "Жишиг сумын эмнэлэг" барихаар болсон. Энэ хүрээнд Хөвсгөл аймгаас Рэнчинлхүмбэ, Тариалан сумд сонгогдсон. 2018 оны 9-р сарын 1, 2019 оны 01-р сарын 01-нд тус тус эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин 21-47 хувиар нэмэгдэж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Улаанбаатар хотын 3 дахь шатлалын эмнэлгийн эмч нартай адил хэмжээний цалин авдаг болсон" гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо.

Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа Ариутгалын тасаг байгуулах, мөн 2020 онд 100 ортой Хүүхдийн эмнэлэг шинээр барихаар боллоо

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт 1500 гаруй эмч, ажилчид 135 мянган иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Хөвсгөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр төр, хувийн хэвшлийн 150 гаруй эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж байна.

Б.Гэрэлням

Таны сурталчилгаа