Цаг үеийн мэдээ

Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн ДОХ-ын халдвартай байсныг мэдэлгүй бөөрний диализын аппаратад орсны улмаас нас барсан хэмээх мэдээлэл гарсан. Энэ талаар тодрууллаа.  

Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Баянмөнхөөс тодруулав. 

-Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн ДОХ-ын халдвартай байсан. Тухайн өвчтөнийг диализын аппаратад оруулсан гэх мэдээлэл гараад байна. Ямар эмчилгээг хэд хоног хийсэн талаарх мэдээллийг өгөөч? 

-Цэргийн төв эмнэлэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албанд арваад жил хяналтад байсан өвчтөн эмчлүүлсэн.

Уг өвчтөн арваад жил хяналтад байхдаа үр дүнтэй эмчилгээнд байсан. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөний вирус дандаа 0 байдалтай үйлчлүүлж байсан хүн юм.

Энэ хүн Цэргийн төв эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шалтгаант шок, олон эрхтний дутагдал гэдэг оношоо ирсэн. Нийт есөн хоног Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан.  

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тухайн өвчтөнийг диализын аппаратад оруулсан. Өөр иргэдэд халдвар тархсан байх магадлалтай гэх мэт мэдээллүүд яваад байна. Өвчтөнд ямар үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ авсан бэ? 

-Эмнэлгийн зүгээс бүгд нэг удаагийн, ариутгасан хэрэгслүүдийг тухайн өвчтөнд хэрэглэж байсан. Диализын аппарат гэсэн буруу ойлголт яваад байх шиг байна. Бөөрийг үргэлжлүүлэн орлох эмчилгээний арга гэж байдаг. Тухайн өвчтөн энэ эмчилгээг хийж гүйцэтгүүлсэн. Эмчилгээнд хэрэглэдэг сет буюу иж бүрдэл гэж байдаг. Энэхүү иж бүрдэл нь хаашаа ч, ямар ч цус дамжуулах боломжгүй битүү системийнх. Иж бүрдлийг тухайн хүнд хэрэглээд цусанд байгаа хортой бодис, эрхтэнд байгаа хаван, бусад үйл ажиллагааг сэргээх зорилгоор эмчилгээг хийж байсан.  

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар мэдээлэл өгсөн. Тухайн мэдээлэлд Эрүүл мэндийн яамнаас Цэргийн төв эмнэлэгт хяналт шалгалтын баг ажиллаж байгаа гэсэн. Эрүүл мэндийн яамны үзлэг шалгалт үргэлжилж байгаа юм байна. Тийм үү? 

-ЭМЯ-ны зүгээс тодорхой багийн бүрэлдэхүүн манай эмнэлэгт тандалт, хяналтын үйл ажиллагаа хийж байна.  

-Эрүүл мэндийн яамны хяналт шалгалтын дүн хэзээ гарах бол. Мөн тухайн өвчтөнийг ДОХ-ын халдвартайг мэдэлгүй эмчилгээ хийсэн, задланд оруулсан эмч нар халдвар авсан байх магадлалтай гэсэн мэдээллүүд бас яваад байна л даа. Энэ тал дээр тайлбар өгөөч? 

-Одоогоор ЭМЯ-ны тандалт, хяналт шалгалтын багийн үр дүн гараагүй байна. Тухайн өвчтөн ДОХ гэдэг өвчнөөрөө нас бараагүй. Яагаад гэвэл халдвар дамжих эрсдэлгүй 0 байсан. Өөрийнх нь тухайн үед байсан бусад эмгэг буюу нойр булчирхайн цочмог үрэвсэл, олон эрхтний дутагдал гэдэг өвчнөөр нас барсан. Тухайн өвчтөн халдвар дамжуулах эрсдэлгүй гэж үзэж байгаа ч бид эмч, эмнэлгийн ажилчдаа хянаж, тандалт судалгаа хийж, үргэлжлүүлж байгаа.  

Цэргийн төв эмнэлгээс дээрх мэдээллийг өгөв. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас энэ талаар тодруулахад “Цэргийн төв эмнэлэг нь Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг. Гэхдээ манай ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас үүн дээр шалгалтуудыг хийгээд эхэлчихсэн. Ер нь бид В, С вирус, ДОХ-ын халдварыг эмнэлэгт хэвтэж байгаа хүн бүрийг шинжилгээнд хамруулж нягталдаг. Цэргийн төв эмнэлэгт тухайн хүн аравдугаар сард хэвтэж эмчлүүлж байсан юм билээ. Диализын аппаратад орж байгаа хүн болгонд халдвар хамгааллын дэглэм, ариутгалын зүйлүүд хийгддэг. Ямар нэгэн вирусийн халдвартай хүмүүс бусад төрлийн өвчлөлтэй хүмүүсээс тусдаа аппарат эмчилгээг хийлгэдэг, ордог зохицуулалттай. Тийм учраас зохицуулалт, стандарт норм алдагдсан уу, үгүй юу, бусад эмчлүүлэгчдэд ДОХ-ын халдвар халдсан байх эрсдэл бий юу гэдгийг тогтоох зорилготой салбарын хяналт газар дээр нь ажиллаж байгаа” гэв.

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа