Цаг үеийн мэдээ

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Хойд Азийн бүсийн оффис Бээжин хотноо байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж, 160 гаруй зочин төлөөлөгч оролцлоо. 

30 жилийн ойгоо тэмдэглэж буй Хойд Азийн бүсийн оффис нь 80 гаруй ажилтан, сургагч, аудитортай бөгөөд тус бүс нутгийн 48 гишүүн агаарын тээвэрлэгчид тус оффистой агаарын тээврийн аюулгүй байдлын болон бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү борлуулалт, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Ойн арга хэмжээний үеэр Олон улсын агаарын тээврийн холбоо нь хамтын ажиллагаа, сургалт хөгжлийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний 10 орчим гэрээ, санамж бичгийг салбарын төлөөлөгчидтэй байгуулсны дотор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Ник Кариин (Nick Careen) нар хоёр байгууллага хоорондын нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Олон улсын агаарын тээврийн холбоогоор дамжуулан салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын хангалт, зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт болон техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгчдийн оролцоог сайжруулах, түүнчлэн тус холбооноос хийгддэг олон улсын аюулгүй байдлын аудит (IOSA), газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит (ISAGO) зэрэг дэлхий даяар агаарын тээврийн аюулгүй байдлын баталгаа болж байгаа шилдэг туршлагыг нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын үнэлгээг өсгөж олон улсын зах зээлд илүү танигдах, үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгасан байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр үндэсний агаарын тээвэрлэгчид олон улсын агаарын тээврийн зах зээлд гадаадын тээвэрлэгчидтэй өрсөлдөхөөс гадна хамтран ажиллах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. 

Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах, шинээр байгуулагдаж буй агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлын болон хүний нөөцийн сургалтын хэрэгцээг хангах, сайжруулах зэрэг ажлыг тус холбоогоор дамжуулан хийж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Уг санамж бичгийн хүрээнд хэрэгцээ, шаардлагатай сургалтуудыг нисэхийн дэд бүтэц, боловсон хүчнийг түшиглэн Монгол Улсад тогтмол зохион байгуулах, холбооны зүгээс манай агаарын тээвэрлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, боломжийг санал болгох, агаарын тээврийн тогтвортой түлш болон газрын үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нисэх буудал, агаарын тээврийн "Ногоон бодлого” боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.

Таны сурталчилгаа