Цаг үеийн мэдээ

Хүйтэн өдрүүд ирж байгаа энэ л үед таныг дааруулахгүй дулаан байлгаж чадах хувцас бол ноолуур юм. Ноолууран хувцас нарийн арчилгаа шаарддаг хэдий ч эдэлгээ сайтай байдаг. Харин та арчилгааг нь зөв зохистой хийж чадвал ноолууран хувцас угаах бүрт улам зөөлхөн улам тансаг болдог.

 Ноолууран бүтээгдэхүүний материалаас хамааран цэвэрлэх арга нь бага зэрэг өөр өөр байдаг.

Сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнийг цэвэрлэхдээ анхаарах зүйлс:

            Арилахад хэцүү толбо үүсээгүй тохиолдолд сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнийг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Харин угаах үедээ хүнд химийн гаралтай угаалгын бодис бус ноос ноолуур угаах зориулалттай угаалгын нунтаг ашиглах хэрэгтэйг санаарай.

    Шинэхэн ноолууран хувцсаа угаасны дараа өмсөх нь гадарга дээрх богино ширхгүүдийг салгаж ноолуурыг бөөгнөрөхөөс сэргийлнэ.

    Угаасны дараа нойтон ноолууран хувцсыг сунахаас сэргийлж бүхэлд нь бөөгнөрүүлж барих ба аль нэг хэсгээс унжуулан тавьж болохгүй.   Угаахдаа үргэлж хүйтэн ус ашиглах хэрэгтэй бөгөөд халуун ус ноолуурыг агшаадаг байна.

Ноолуурыг угаахдаа савтай усанд дэвтээж угаах бөгөөд үрж мушгиж болохгүй.

Хэсэг хугацааны дараа усыг шавхаж мөн хүйтэн усаар зөөлөн зайлах хэрэгтэй.

Усаар зайлсны дараа хувцсаа бөөгнөрүүлж базах хэлбэрээр уснаас гаргах бөгөөд сэгсэрч эсвэл мушгиж болохгүй.  Хувцсаа дэлгэж тавьсан алчуур дээр өнхрүүлж үлдэгдэл усыг шавхаж авахыг зөвлөж байна. Эцэст нь ноолууран хувцсаа хөндлөнгөөр нь дэлгэн тавьж хатаагаарай.

Нэхмэл  ноолууран бүтээгдэхүүнийг цэвэрлэхдээ анхаарах зүйлс:

            Нэхмэл ноолуурыг хими цэвэрлэгээнд өгөх нь хамгийн сайн арга юм. Учир нь нэхмэл ноолуур нь гэрийн нөхцөлд угаахад их хэцүү, гэмтэх аюултай байдаг.

Толбо арилгах

    Хэрэв та ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй.    Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг танд зөвлөж байна.

Хадгалах

    Та ноолууран хувцас хэрэглэлээ хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхий гэх мэт шавж бохир байгалийн ширхэгт рүү татагддаг. Ноолууран хувцсаа хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх болно.

    Битүү гялгар уутанд хийх хэрэггүй ба агаар орж болох сав, уутанд хийж хадгалах нь зүйтэй бөгөөд өлгүүрт унжуулан өлгөж болохгүй.

Өмсөх

    Ноолууран хувцас руу сүрчиг цацахгүй байх хэрэгтэй. Сүрчиг нь хувцсыг толботуулж цагаан эрвээхийг өөртөө татдаг.    Биеийн үнэр дарагч хэрэглэснийхээ дараа хатаж дуустал нь түр хүлээгээрэй. Үүний дараа ноолууран хувцсаа өмсвөл үнэр дарагч хувцсанд тогтохгүй. Мөн гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт хурц үзүүртэй зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Эдгээр нь ноолуурыг бөөсрүүлдэг бөгөөд мөн гэмтээх аюултай.

Таны сурталчилгаа