Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцож байна
Зөвлөгөөнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, эмчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн, асран халамжлагчид, хавдрыг даван туулагчид зэрэг нийт 800 гаруй төлөөлөгч оролцлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замууд, хөгжлийн чиг хандлага, хавдрын эрт илрүүлэгт олон нийтийн оролцоо дэмжлэг, нийгмийн олон талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар илтгэлдээ танилцууллаа. Мөн хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах үндсэн арга зам нь цаг алдалгүй хавдрын эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг онцлон тэмдэглэж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх дадал зуршлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд багаас нь төлөвшүүлэхэд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоо, санаачлага, хамтын ажиллагаа, манлайлал, үлгэр дууриал нэн чухал болохыг дурдлаа.
Энэхүү зөвлөгөөнөөр Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан ойлгож өдөр тутмын амьдралдаа эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлж мөрдөхийг хувь хүн, гэр бүл, хамт олноороо дэмжин үлгэрлэхийг Монгол улсын нийт иргэддээ уриалж байна.