"Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарсан. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн хэмжээнд 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Ингэснээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм.
Эхний жилд бүсээр ангилдаг байсан бол одоо гал түлдэг бүх өрх хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэгдүгээрт, шөнийн тарифын хөнгөлөлт бол хоёрдугаарт, орон сууцны өрхүүд ч хөнгөлөлт эдэлж байгаа юм. Монголын нэг өрх сардаа 220 кВт цахилгаан хэрэглэдэг бөгөөд нэг өрх жилдээ 111 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байна.
2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолол гарчээ. Энэ нь Улсын төсвөөс гарч байгаа хөрөнгө юм. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ улам өссөн. Жилд дунджаар 60-80 орчим мВт-аар нэмэгдэж байна. Айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380 В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлөх юм байна.