Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна. Түүнийг өнөөдөр БНСУ-д саатуулагдсан талаар тус улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхэлсэн билээ.

 YONHAP агентлагийн мэдээлсэнээр Д.Одбаяр нисэх онгоцоор зорчиж явахдаа нисэх онгоцны багийн ажилчидтай зүй бусаар харьцсан, онгоцны үйлчлэгийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх шалтгаанаар саатуулагдсан байна. 

Тус агентлаг мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөг хэсэгт хүрсэн гэсэн юм.

Тэгвэл Үндсэн хуулийн Цэцээс мэдэгдэл гаргажээ.

 

МЭДЭГДЭЛ

 

 

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан юм. 

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. 

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдалд огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

 

2019 оны 11 дүгээр сарын 01

Таны сурталчилгаа