Жил бүр зохион байгуулдаг оюутны эрүүл мэндийг дэмжих сар аяныг “Эрүүл оюутан - Эерэг хандлага” уриатайгаар 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж байна.
Монгол улсад 2018-2019 оны хичээлийн жилд 166 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 157,625 суралцагчид суралцаж байна. Нийт суралцагчдын 146,024 буюу 92.6 хувь нь Улаабаатар хотод, 11,601 буюу 7.4 хувь нь хөдөө орон нутгийн салбар сургуулиудад суралцаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/420 дугаар тушаалаар “Хүн амыг нас хүйс, эрүүл мэндийн эрсдлээс хамааран урьдчилан сэргийлэх үзлэг”-т хамруулах тушаал хэрэгжиж эхлэсэн. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мөн Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 11 сарын 27-ны А/480, А/739 тоот “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай” тушаалын дагуу жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сар аян зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу оюутан эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцах ба даатгалын хураамж төлүүлэх явцыгхянаж ажиллахыг их, дээд, сургууль, коллеж, политекник, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал нарт үүрэг болгосон байдаг.
Энэхүү аяны хүрээнд“Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-т бүрэн хамруулах, оюутан залуучуудын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх “Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ, ХДХВ, ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвүүдээр сургалт, суртачилгаа” зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт оюутнуудын 79% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдсан байна.